Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2014.02.17/ хэвлэлийн бага хурал хийлгэж, 2013 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөлөө. Хэвлэлийн бага хуралд тус байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, С.Дэмбэрэл нар оролцлоо.
Тус байнгын хороо 2013 оны намрын чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтийг зарим байгууллагад танилцах, Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох хуулийн төслийн талаар иргэд, орон нутгийн байгууллагаас саналыг авч, хэлэлцүүлэгт байгаа төсөлд тусгах талаар санал боловсруулах, олон улсын байгууллагын болон гадаад орны төлөөлөгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гишүүдийг шаардлагатай судалгаа, лавлагаа, мэдээллээр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласныг Байнгын хорооны дарга А.Бакей мэдээллийнхээ эхэнд онцлов.
Төрийн байгуулалтын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд байнгын хорооныгишүүдийн 63.8 хувийнирцтэйгээр нийтдээ 12 удаа хуралдаж, 40асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ хугацаанд байнгын хорооны хуралдаанаар давхардсан тоогоор 29 хуулийн төсөл, Улсын Их Хурлынтогтоолын 7 төсөл, байнгын хороонытогтоол 7, тайлан, мэдээлэл 1, хуулийн хэрэгжилттэй танилцсан дүн 1, албан тушаалтны асуудал 1, байнгын хорооны төлөвлөгөө 1-ийг тус тус хэлэлцэж, 22 санал, дүгнэлт гаргасны зэрэгцээ Улсын Их Хурлын даргын 6 захирамжийн төсөл боловсруулж, баталгаажуулсан байна.Мөн байнгын хорооноос хэлэлцэх эсэх асуудлаар 16, анхны хэлэлцүүлэг хийсэн талаар 5 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 1-ийг гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулжээ. Түүнчлэн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлаарЗасгийн газарт тэмдэглэлээр 2 удаа үүрэг өгсөн байна.
Намрын чуулганы хугацаанд тус байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 35 албан бичиг, 4 өргөдөл ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, хариу өгснийг Байнгын хорооны дарга дурдлаа.
Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлуулсан байна.
Байнгын хороо хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулахад анхаарлаа хандуулж ажилласныг А.Бакей дарга энэ үеэр онцоллоо. Тухайлахад тус байнгын хороон дээр Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 7, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 5 байснаас Улсын Их Хурлын гишүүн Б.Ганбат, С.Баярцогт нараас өргөн мэдүүлсэн 2 төслийг хэлэлцэж эхлээгүй байгаа агаад 1 төслийг хууль санаачлагчид нь буцаасан бол 2 төслийг төсөл санаачлагчид нь татаж авчээ.
Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас өргөн мэдүүлсэн/ байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт байгаа бол Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд дээр Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаас дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч гишүүдийн олонхын дэмжлэгийг аваагүй тул төсөл санаачлагчид буцаасан болНийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийн үед төсөл санаачлагчид нь татаж авсан аж. Мөн Улсын Их Хурлын 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний статитистикийн хорооны дэргэд Төрийн албаны салбар зөвлөл байгуулахаар шийдвэрлэсний зэрэгцээVIII Богд Жавзандамба хутагтад зориулан хөшөө босгох саналыг холбогдох байгууллага, иргэдээс гаргаж байгааг дэмжин Байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгсний дагууҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хөшөөний шавийг тавьсан юм.
Тус байнгын хорооны зарим гишүүд энэ хугацаанд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, хууль сурталчлах, иргэдийн оролцоог хангах чиглэлээр хийгдэж байгаа ажилтай Төв, Хэнтий, Ховд аймаг, нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажилтай танилцаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, баг, хорооны Засаг дарга, иргэдийн нийтийн Хурлын дарга, тэргүүлэгч зэрэг нийт 300 гаруй хүнтэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, тавьсан асуултад нь хариулт өгсөн. Мөн зарим аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцсан дүнг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гаргасны зэрэгцээ Ухаалаг төр рүү шилжих Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд тус байнгын хорооноос 2014 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа гэдгийг А.Бакей дарга хэллээ.
Намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон боловсруулах үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ. Мөн Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж дүгнэлт гаргах ажлын хэсэг, Сонгуулийн хуулийн нэгдсэн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус бүр 2 удаа хуралдаж, холбогдох байгууллага, мэргэжлийн судлаачидтай хамтран ажилласны зэрэгцээ хэд хэдэн удаа хэлэлцүүлэг, семинар зохион байгуулжээ.
Хяналт шалгалтын ажлын хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын бодлогыг төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийн хүрээнд хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах ажлын хэсэг зарим яамд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж байнгын хорооноос гаргах тогтоолын төслийг боловсруулаад байгаа аж.
Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтэстэй хамтран Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлагуудад зориулсан “Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх” аргачлал сургалт зохион байгуулсны зэрэгцээ Нутгийн удирдлагын дэд хороо, Монголын нутгийн удирдлагын холбоо хамтран Конрад-Аденауэрийн сангийн дэмжлэгтэйгээр “Иргэддээ тулгуурласан, чадвартай, хариуцлагатай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлэх арга зам” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн 250 гаруй хүн оролцуулан нутгийн удирдлагын эрх зүйн орчинг сайжруулах асуудлаар саналаа солилцож, зөвлөмж, уриалга гаргасан байна. Мөн Улсын Их Хурлын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн сургагч багш нарыг бэлтгэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллаж, Ховд, Баян-Өлгий аймаг, нийслэлийн зарим дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сургалтад оролцжээ.
Улсын Их Хурлын шинэ ордны барилгыг өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос шийдвэрлэсэн газарт барих ажлыг энэ оны хавраас эхлүүлэх, шаардагдах нэмэлт хөрөнгийг олох асуудлаар Засгийн газарт албан бичиг явуулсныг Байнгын хорооны дарга А.Бакей энэ үеэр сэтгүүлчдэд дуулгалаа.
Харин тус байнгын хорооны гишүүн Ж.Батзандан энэ үеэр ухаалаг төр рүү шилжих Ерөнхийлөгчийн санаачлагыг тус байнгын хороо дэмжин ажлын хэсэг байгуулж тусгай төлөвлөгөө гарган энэ чиглэлээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж өргөн барихаар ажиллаж байгааг хэлсэн бол гишүүн Р.Бурмаа сонгуулийн хуулийн ажлын хэсэг судлаач эрдэмтэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг удаа дараа зохион байгуулж, сонгуулийн маргааныг шуурхай шийдвэрлэх, зардлыг хямдруулах, хууль тогтоомжийг ойлгомжтой хялбар болгох үүднээс нэгдсэн зохицуулалт хийх, нэг тойрог нэг мандат зарчмыг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал нэгдээд байгааг хэллээ.
Байнгын хорооны дарга болон гишүүд дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.