Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 11-11 төвд ажиллах үеэр 4500 орчим иргэн утсаар болон цахим хуудсаар хандаж, мэдээлэл авлаа. Сайдад хандаж ирүүлсэн асуултын дийлэнх хувь нь тэтгэвэрийн нэмэгдэлтэй холбоотой байна.
Зөвхөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тэтгэвэр авагчдын тэтгэвэр нь 30 хүртэл хувиар нэмэгдэж байгаа гэдгийг иргэд ялгаж ойлгох хэрэгтэй гэдгийг сайд санууллаа.
Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 2 дугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэрээр 200,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27,0 мянган төгрөгөөр, 600,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 600,0 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180,3 мянган төгрөг байсныг 207,3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145,2 мянган төгрөг байсныг 172,2 төгрөг болгон шинэчлэн тогтоосныг тодотгож хэллээ.
Улсын хэмжээнд 318 000 орчим тэтгэвэр авагч байна. Эдгээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 20,0 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 103,6 мянган төгрөг байсныг 115,0 мянган төгрөг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээ 48,0 мянган төгрөг байгааг 52,8 мянган төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоолоо гэж сайд С.Эрдэнэ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.