Эмэгтэй хүний алдаа эр хүнээс л шалтгаалдаг

Амьдралыг хөлөг онгоц гэвэл  тэрхүү хөлгийн ахмад мэдээж өрх гэрийн тэргүүн Эр хүн байх нь дамжиггүй. Тэгвэл тэр гэрийн хамгийн эрхэм, хамгийн нандин гишүүн нь Эмэгтэй хүн.
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэгч, эв эвийг  сахиулж, ариун цэврийг тунхаглаж, бүгдэд зааж зөвлөж, аливаад зоригжуулан чиглүүлж, олсныг хурааж эд баялагийн санг бий болгож, ном эрдэмд шамдуулж, хагархай цоорхой, таагүй муухайг тэр л эвлүүлэн нийлүүлж ариутган засч байдаг.

Гэтэл сүүлийн үед тэрхүү эрхэм нандин гишүүний тухай таагүй үгс унагагч  олширч,  юм л бол  эмэгтэйчүүд биеэ үнэлсэн, архи уусан, залилан хийсэн  гэхчлэн чичлэх  болжээ. Яагаад, ямар учраас гэр бүлийн эрхэм нандин гишүүн хазгай гишгэж, буруу зүйл рүү хэл хөл нь  хальтирч явна вэ гэж та бүхэн  бодож үзсэн үү, энэ тухай асууж үзсэн үү. Чин сэтгэлээсээ ярилцаж, хариуг нь дүгнэж үзсэн үү.
Магадгүй зарим нь  хэтийдсэн  шуналаасаа болоод тэгээ биз,  атаач, жөтөөч зан нь тийм юманд хүргээ байлгүй, буруу хүмүүжлээсээ шалтгаалж, эсвэл найз хүүхнүүд нь  олиггүй болохоор тэр гэж өөчилж муучлах биз. Харин би бол өөр бодолтой байна. Эмэгтэй хүн, танай гэр бүлийн хамгийн нандин гишүүн,  аз жаргал, баяр баясгалан, гэрэл гэгээний эзэн, галын бурхан  чинь байх ёстой  эрхэм хүн биеэ үнэлж яваа бол, архинд орж гудамжинд гарсан бол, амьдралд гутарч траншейнд орогнож  хог түүж хэсүүчилж яваа бол, залилан хийж бусдыг мэхэлсэн бол, хар тамхины наймаа болон бусад муу муухай зүйлтэй орооцолдсон бол тэр Эр хүн таны буруу, таны алдаа.

Өрх гэрт, энэ нийгэмд эрчүүд  нь муу байвал эмэгтэйчүүд нь муу явдаг юм. Өрх гэрийн тэргүүн нь ямар байна, тэр айлын амьдрал тийм л байна. Эр нь ямар байна, эмэгтэй нь мөн тийм л байна.

Бүх зүйл өрх гэрийн, энэ нийгмийн эзэн болсон эрчүүдээс шалтгаалдаг. Эрчүүдийн тухай огт ярихгүйгээр эмэгтэй хүнийг буруутгаж болохгүй. Тэр гэр бүлийн хамгийн эрхэм, хамгийн нандин гишүүн шигээ алдаа нь ч гэсэн тийм  эмзэг, өрхийн тэргүүнтэй, хэтрүүлж хэлбэл улсын тэргүүнтэй  100 хувь хамааралтай байдаг.  Тийм учраас ухаантай ард түмэн   хүнийг шинжихдээ эмэгтэй хүнийг, эх хүнийг хэр хайрлаж байгаагаар нь, хэрхэн хандаж байгаагаар нь дүгнэдэг.

С.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …