Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Монголын ажил олгогч эдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар өнөөдөр Тусгаар тогтнолын ордноо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
МАН, түүний УИХ дахь бүлгээс баялаг бүтээгч ажил олгогчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар гаргаж буй санал, санаачилгыг Монголын ажил олгогч эдийн нэгдсэн холбоо дэмжиж, хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.
Энэ хүрээнд, бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн хүнд суртлыг багасгах үүднээс лиценз, тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх, баялаг бүтээгчдэд төрийн байгууллагаас үзүүлж буй элдэв дарамтыг багасгах, импортыг орлох үйлдвэрлэл эрхэлж буй жижиг дунд үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, өөрийн зардлаар мэргэжлийн сургалт явуулсан, шинээр ажлын байр бий болгосон аж ахуй нэгжийн энэ зориулалтаар гаргасан хөрөнгийг татвараас чөлөөлөх хууль эрх зүйн орчныг бий болгох, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэн нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бий зэрэгт асуудал дээр хамтран ажиллах аж.
Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар энэ үеэр “энэ утгатай санамж бичгийг УИХ дахь бүхий л намын бүлгүүдэд хүргүүлсэн. МАН одоогоор хамгийн эхэнд ийн хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Гол нь бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр нэг нам нь асуудал оруулж ирэхэд нөгөөдүүл нь унагадаг явдал бий. Ийм улс төрийн ашиг сонирхлоор асуудалд хандахыг больж намын бүлгүүд хамтран ажилладаг байхад энэ бичиг ач холбогдолтой” гэсэн юм.
Мөн Засгийн газраас байгуулагдсан 900 гаруй зөвшөөрлийн тал илүүг нь цуцлахаар ажиллаж буй ажлын хэсэгт холбооныхоо зүгээс хэрхэн хамтран ажиллаж буй асуултад “Зөвшөөрлүүдийн талыг нь үгүй болгох ажлын хэсэгт манай холбоо саналаа өгсөн. Энэ хүрээнд шийдсэн асуудлыг Засгийн газраас шийдэхэд сөрөг хүчин болох МАН эсэргүүцэхгүй байхад манай энэ удаагийн гарын үсэг зурсан санамж бичиг тус болно гэж бодож байна. Өөрөөр хэлбэл улс төрийн намуудын байр суурийг зөрөлдөөнтэй асуудлууд дээр ойртуулахад чухал үүрэгтэй” гэсэн байна.
Б.МАНД