Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр тус байнгын хорооноос Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн болон чуулганы завсарлагаанаар хийхээр төлөвлөсөн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ.
Төсвийн байнгын хороо тайлангийн хугацаанд 60.2 хувийн дундаж ирцтэйгээр 23 удаа хуралдаж, 55 асуудал /давхардсан тоогоор/ хэлэлцүүлснээс 42 хуулийн төсөл, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 8 төсөл, хяналт шалгалтын 3 ажлыг тус тус Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 29 санал, дүгнэлт, 7 танилцуулга, 198 саналын томъёолол бэлтгэн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. Байнгын хорооноос тайлангийн хугацаанд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 184 албан бичиг, 126 албан бичгийг шийдвэрлэжээ.
Мөн Төсвийн байнгын хорооны хуралдааны тойм болон Байнгын хорооны хэмжээнд зохион байгуулсан асуудлаар Улсын Их Хурлын веб сайт, дотоод сүлжээнд 116 мэдээлэл бэлтгэн нийтэд мэдээлсэн байна.
Д.Үүлэн