Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны 2 дугаар сарын 26-ны лхагва гаригт Орхон аймагт ажиллана. Энэ үеэр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгчидтэй санал солилцон, нутгийн удирдлагуудын хамт телевизийн уулзалт, ярилцлагад оролцох юм. Мөн энэ өдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнханбилэг Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллана.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудад ажиллаж, өчигдөр Увс аймгийн битүү захын нээлтэд оролцжээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Завхан аймагт 10 хоногийн хугацаатай ажиллаж, Шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлыг олон нийтэд танилцуулан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж байна.
Өнгөрсөн 7 хоногийн хувьд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Ховд аймгийн битүү захын нээлт болон мөсний баярт оролцсон бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Орхон аймгийн НХҮХ-ийн барилга болон ажиллагсдын орон сууцны нээлт, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн НХҮХ-ийн барилгын шав тавих ёслолд, Эрчим хүчний сайд М.Сономпил Увс аймгийн Тэс сумын 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын дэд станцын нээлтэд тус тус оролцоод иржээ. Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хөвсгөл, Булган, Орхон аймагт ажиллаж, салбарын үйл ажиллагаа, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд тус аймгуудын хийж хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.