Өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өмнөх сараас 30 хувиар буюу 2.3 сая тонноор буурч, 5.7 сая тонн болсон байна. БНХАУ-д 2.86 сая тонн нүүрс импортолж Австрали улс нийлүүлэлтээрээ тэргүүлж байгаа бол Монгол Улс 949.2 мянган тонн коксжих нүүрс импортолжээ. БНХАУ-ын нүүрсний импортлогчдын жагсаалтын гурав, дөрөвдүгээрт Канад, ОХУ зэрэг орнууд орж байна . Өнгөрсөн 12 дугаар сард БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өмнөх сарынхаас 21.5 хувиар өсч, 8.01 сая тонн болж байжээ.
Үүнээс шалтгаалан Монгол Улсаас БНХАУ руу нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ ч бас өсч, 2012 оны мөн үеэс хойш хамгийн өндөр үзүүлэлттэй гарч байлаа. Монгол Улсын хувьд энэ онд нүүрсний экспортоо 31 сая тонн болгон өнгөрсөн оныхоос 69 хувиар нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа талаар Сангийн сайд Ч.Улаан мэдээлж байсан юм. Түүнээс гадна уул уурхайн компаниуд шинээр нүүрсээ экспортолж эхлэхийн зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” зэрэг томоохон компаниуд олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Д.Үүлэн