ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн тухай Норвегийн Нобелийн хүрээлэнгийн захирал Гейр Лундестад мэдэгдсэн байна.
Энэхүү нэр хүндтэй шагналд АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Э.Сноуден, Ромын Пап лам Франциск, 16 настай пакистан охин Малала Юсуфзай нарыг дэвшүүлсэн нь тодорхой байгаа ч жагсаалтад орсон бусад нэр дэвшигчийн талаар мэдээлэл гараагүй аж. Энэ онд Нобелийн энх тайвны шагналд 278 нэр дэвшигч байгаагийн 47 нь албан байгууллага хэмээн Ройтерс мэдээлсэн.
Харин саяхан болсон Орос, Украйны зөрчилдөөн болон Крымээс үүдэн барууны орнуудтай үүсээд байгаа нөхцөл байдал В.Путинд шагнал өгөх эсэхэд нөлөөлнө гэдгийг хүрээлэнгийн ажилтнууд хэлжээ. Өмнө нь В.Путиныг Сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад авах санал тавьсны дараа Оросын улстөрчид Нобелийн шагналд нэр дэвшүүлж байсан юм. Ер нь Сирийн асуудлыг тайван замаар шийдвэрлэсэн нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүндийг өсгөсөн байна.
Итали улсын Ром хотын гудамжаар “Би Путинтэй хамт” гэсэн зурагт хуудас нааж байсан бол египетчүүд “Америк баяртай” гэж бичиж байжээ. Гэхдээ өнгөрсөн оны Нобелийн энх тайвны шагналыг Химийн зэвсгийг хориглох байгууллагад олгосон юм.