Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх ажлыг хариуцсан нэгж байгууллаа

caac543c5bbfcb4bbigЗасгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх ажлыг хариуцсан нэгж байгууллаа

Ерөнхий Сайд Н. Алтанхуягийн 2013 оны 10 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Уул уурхайн яам БНХАУ-ын “Синопек” корпорацитай “Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлж хамтран ажиллах” тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Манай орны хүрэн нүүрсний ордуудыг түшиглэн хийн түлш үйлдвэрлэж, дамжуулах хоолойгоор эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах, улмаар БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд хоёр орны Засгийн газар хамтран ажиллахаар тус санамж бичигт заасан юм.

Харилцан мэдээлэл солилцох, газар дээр нь танилцах зэрэг бэлтгэл ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн ба Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ ажлыг цаашид хариуцаж ажиллах төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулахаар шийдвэрлэлээ.

30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан тус төслийн хүрээнд 16 тэрбум м.куб бүтээгдэхүүн үйлдвэрлэх 4 үйлдвэр, нүүрснээс хийн түлш үйлдвэрлэх хэд хэдэн цогцолбор байгуулна. 9 дүгээр сар хүртэлх хугацаанд цогцолборын ТЭЗҮ боловсруулж, цаашид хоёр Засгийн газар хоорондын хэлэлцээрийн шатанд шилжинэ. 2015-2018 онд үйлдвэр болон бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байна.

Төслийн бүтээн байгуулалтын үед 40 мянган түр ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсны дараа 10 мянган байнгын ажлын байр бий болох тул боловсон хүчний асуудлыг одооноос анхааралдаа авч, бэлтгэх шаардлагатай.

Хүрэн нүүрсний арвин нөөцөө орчин үеийн өндөр технологиор боловсруулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахаас гадна агаарын бохирдлыг бууруулахад бодит алхам болно гэж Засгийн газар үзэж байна.

Нүүрс хийжүүлж хийн түлш үйлдвэрлэх технологийг анх 1983 онд АНУ-д үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. БНХАУ-д гэхэд өнөөдрийн байдлаар 1 үйлдвэр ашиглалтад, 12 үйлдвэр баригдах шатандаа байна.

“Монгол цуур Үндэсний хөтөлбөр баталлаа

 Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас боловсруулсан “Монгол цуур” Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Монголчуудын нүүдлийн ахуй, соёлоор дамжин үеэс үед өвлөгдсөөр ирсэн ч эзэмшсэн хүнтэйгээ хамт үгүй болж, мартагдах аюул тулгараад байгаа соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл бол Алтайн Урианхайн цуур хөгжим, түүнийг хийх арга барил, цуурдах уламжлалт урлаг юм. Ийм ч учраас цуур хөгжмийг 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг.

Баруун Монголын Урианхайн цуурдах урлагийг өвлөсөн сүүлчийн төлөөлөгч Ховд аймгийн Дуут сумын ардын гоц авьяастан Паарайн Наранцогт агсан амьд сэрүүн ахуйдаа зааж сургасан цөөн тооны хүн л өнөө үед энэ урлагийг залгамжилж байна. Алдарт цуурч П.Наранцогтын удмын цуурчид, судлаач эрдэмтэд 2006 оноос “Хүннү цуурчдын холбоо” байгуулж, цөөн тооны өсвөрийн цуурч бэлтгэж  байна. Гэвч багш, шавийн тоо цөөн, цуурдах арга барил, ур чадвар дутмаг, урын сан ядуу, санхүүгийн боломж муутай байгаа нь бэрхшээл учруулж байна.

Иймд өнөөдөр баталсан “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн бодлого, дэмжлэгтэйгээр цуурдах урлаг, уламжлалт урын сан, цуурын урлалтай холбогдох зан үйлийг сэргээж, залгамжлуулах ажлууд хийхээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллана.

Энэ урлагийг судалгааны эргэлтэд оруулах нь ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах болон Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, улмаар хөхиүлэн дэмжих тухай конвенциуд, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг амьдралд хэрэгжүүлэх нэгэн чухал алхам болно гэж үзэж байна.

Товчхон:

–               Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 3 дугаар сарын 16-21-нд Австралийн холбооны улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийг баталлаа. Австрали улс Монгол Улсын “гуравдагч хөрш”, Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн нэг болохыг нотолж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг “өргөтгөсөн түншлэлийн” түвшинд хөгжүүлэх, уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд энэ айлчлалын зорилго чиглэнэ.

–               Монгол Улсад Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг ҮХАА-н сайд Х.Баттулгад олгохоор тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …