Гадаад орнуудад ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэд энэ сарын 14-16-ны хооронд суугаа орныхоо Элчин сайдын яам, Консулын газарт очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульдаа оролцон, саналаа өгөх учиртай.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 11:00 цагт Гадаад харилцааны яаманд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Энэ үеэр яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар оролцож гадаад дахь монголчуудын саналыг авах бэлтгэл хэрхэн хангагдсан тухай мэдээллийг өгөх юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдээгээр энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 6494 сонгогч саналаа өгөхөөр бүртгэлээ хийлгэж, саналын хуудсыг таван хувийн нөөцтэйгээр хэвлүүлэн, дугтуйд битүүмжлэн, комиссоор дамжуулан, нийт салбар комисс руу илгээсэн байгаа ажээ.