Алга болсон онгоцыг зөн билэгчдээр хайлгая… /фальетон/

1_1Малайз улсын “Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200” онгоц өнгөрсөн бямба гарагийн өдөр Куала-Лумпур хотын нисэх буудлаас Бээжин рүү нисэхээр хөөрөөд цаг хүрэхгүй хугацааны  дараа  удирдлагын төвөөс  холбоо тасран, радараас алга болжээ. Уг онгоцонд 14 орны 227 зорчигч, багийн 12 гишүүн байсан ажээ. Энэ онгоц алга болсноос хойш өнөөдрийг хүртэл  эрэл хайгуулийн багийнхан  ямар ч ул мөр олоогүй байна.

Энэ бүхэнд дүгнэлт хийгээд эрэл хайгуулын багийнхан муу ажиллаж байгаа тул тэднээр хайгуул хийх ажлыг зогсоож түүний оронд  Орос,  Монголын шилдэг зөн билэгчидээр хайгуул хийлгэвэл зохистой гэж үзэж байна.

Энэ нь нэгдүгээрт, хөрөнгө хүч асар ихээр хэмнэнэ. Хоёрдугаарт, зөн билэгчид маань орон зай цаг хугацаанаас үл хамааран  алга болсон  онгоцны талаарх мэдээллийг  хэлж өгнө.  Гуравдугаарт , тэд  ганц хүний зураг хараад үхсэн амьдыг нь, мөн хэрхэн амиа алдсаныг нь хэлээд өгдөг болохоор  тэдэнд  230 орчим  хүний зургийг харуулахад хэрхэснийг шууд л хэлэх болно.

Ялангуяа энд Орос, Монголын зөн билгийн тулааны үе үеийн  ялагчдын хүч чадал, зөн билгийг үүнд ашиглавал зохилтой. Мөн манай улсын  Хунтайж, Хатан ухаантан, Бурханаар бөөлжигч,  Мөнгө даллагч,  Дэлхийн сүйрлийг зогсоогч нарын зөн билгийн ур чадварыг  ашиглавал   сураггүй алга болсон онгоцыг  лавтайяа олох магадлалтай.

380378_627800170569589_258211523_n_500x500

Харамсалтай нь Малайзын засгийн газар  зөн билэгчдийг үл хүндэтгэж байгаа нь магадгүй 227  хүнтэй онгоц  олдохгүй байгаагийн нэг шалтгаан ч байж мэднэ. Учир мэдэх зарим хүмүүсийн ярьж байгаагаар зөн билэгчид харь гаригийнхантай холбогдож бүтэл бүтэн онгоцыг нуусан байж магадгүй юм байх. Хэрэв зөн билэгчдийг  тоогоод, тэдэнд хандах юм бол нуусан онгоцоо хүмүүстэй нь эсэн мэнд гаргаад өгч  болох тухай мэдээлэл ч бас  байна.

Алга болсон онгоцыг олуулахаар орон бүр шилдэг зөн билэгчидээ шалгаруулж Малайз руу явуулья. Манай улсын хувьд дээрх нэр бүхий зөн  билэгчдээс гадна  “Зөн билгийн тулаан”- ы үе үеийн ялагчдын дунд богино хугацаанд сонгон шалгаруулалт явуулж, тэдний  алга болсон юм олуулах даалгавар өгч Шилдэгийг нь шалгаруулаад улсын зардлаар Малайз руу  нисгэж Малайзын засгийн газарт тус хүргэе.

Бидний хувьд одоо л шилдэг  зөн билэгчидээ ашиглаж, дэлхий нийтэд Монголчууд бусдаас  илүү гэдгээ дахин нотлон харуулах сайхан боломж  олдож байгаа хэрэг бишүү.

Хэрвээ манай зөнчид алга болсон онгоцны талаарх үнэн зөв мэдээллийг  эрлийн багийнханд өгч чадвал дэлхийн сонор манай  зөнчид руу чиглэх болно гэдгийг бид мартах учиргүй шүү.

А.Галт

index

Санал болгох мэдээ

Мөнгөн шөнийн инээмсэглэл -2017 /хошин видео/

Ugluu.mn