УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхав

67054-14418060 УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.03.14/ БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхав. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ уулзалтын эхэнд, УИХ-ын дарга З.Энхболдын энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаанд өндөр ач холбогдолтой болохыг онцлоодМонгол Улстай ойр дотно хамтран ажилладагт баяртай байдгаа илэрхийллээ.

УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д хандан, найрсаг дотноор хүлээн авсанд талархсанаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг уламжиллаа. Мөн Монгол Улс, БНСУ-ын харилцаа “иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээр чухал үүрэгтэй. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй. Хамтын ажиллагаа бүх түвшинд хөгжиж байгаагийн  илрэл бол нэг жилдээ Монголын 120 мянга орчим иргэн БНСУ-д зорчиж байгаа явдал юм. Цаашдаа визний асуудлыг анхааралдаа авч, хөнгөвчлөх болон бусад улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар санал солилцлоо.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нь 1952 онд төрсөн. Тэрээр 1963-1979 оны хугацаанд төрийн эрхийг барьж байсан БНСУ-ын гуравдахь Ерөнхийлөгч Пак Чун Хэ-гийн охин бөгөөд БНСУ-ын Соган Их сургуулийг 1974 онд электроникийн инженерийн мэргэжлээр  бакалавр, 1987 онд Тайван дахь Хятадын Их сургуулийн доктор, 2008 онд Пук Ёон Их сургуулийн доктор, 2010 онд Соган их сургуулийн докторын зэргийг тус тус хүртжээ. Тэрээр 1998-2012 оны хооронд Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдсон. Пак Гын Хэ 2012 оны 12 дугаар сарын 19-нд болсон БНСУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд эрх баригч Сэнүри намаас нэр дэвшиж Ардчилсан намын Мүн Жэ Ин-тэй өрсөлдөн 51.6 хувийн санал авч БНСУ-ын 11 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. 2007 онд Ханнара намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх сунгаанд Ерөнхийлөгч Лин Мен Багтай өрсөлдөж байжээ. Ерөнхийлөгч Пак Гын хэ нь уян хатан, тууштай, нэр хүндтэй, цэвэр улстөрч гэж тооцогддог байна.

УИХ-ын даргын БНСУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд нар байлцлаа хэмээн  УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …