Брунейн султан Хассанал Болкиах шариат шашны дүрэм журам дээр үндэслэсэн Эрүүгийн шинэ хуулийг тус улсад мөрдөхөөр болсон тухай зарлалаа. Энэ талаар 10 дугаар сарын 22-нд “Agence France-Presse” агентлаг дамжуулсан байна. Уг хууль албан ёсоор нийтлэгдсэн бөгөөд зургаан сарын дараа хүчин төгөлдөр үйлчилж эхлэх гэнэ. Хуулийн зарим нэг заалтууд шат дараатай хэрэгжих юм байна. Өдгөө 67 настай султан шариатын хуулийг Аллахын “тусгай заалт” хэмээгээд шударга ёс тогтоход зайлшгүй хэрэгтэй гэсэн байна.
Шинэ эрүүгийн ял шийтгэлүүдийн тоонд ичгүүр сонжуураа алдсан үйлдэлд чулуугаар шидэх, хулгай хийсэн тохиолдолд гарыг нь тайрах, үр хөндүүлэх, архи уух зэргээр шариатын хууль зөрчвөл ташуурдах зэрэг багтжээ. Шариатын хууль зөвхөн тус улсын хүн амын 70 орчим хувийг эзлэдэг мусульманчуудад хамаарах юм байна. Өмнө нь ч Брунейд шариатын шүүх үйл ажиллагаа явуулдаг байсан ч зөвхөн гэр бүл салалт зэрэг гэр бүлийн бусад асуудлийг шийдвэрлэдэг байсан аж. Харин мусульман биш буюу хүн амын 15 хувийг эзлэдэг уугуул хятад иргэд иргэний шүүхээр хэргээ шийдүүлэх гэнэ.
Д.Амар