Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШУТИС-ийн төв байранд их, дээд сургуулийн 350 гаруй эрдэмтэн багш, судлаачдад зориулан “Хөгжлийн асуудлаар…” сэдвээр лекц уншлаа. Ерөнхийлөгч лекцээ эхлэхийн өмнө эрдэмтэн, судлаачдын дунд “Хөгжил гэж юуг ойлгож байна вэ”, “Дээд боловсролыг хөгжүүлэхэд юу саад болж байна” гэсэн хоёр асуулт тавьж хариулт авсан юм. “Хөгжлийн асуудлаар…” сэдэвт лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монголын залууст боломж байна
Монгол Улсаа хөгжүүлье гэвэл монгол хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Монголыг босгоё гэвэл монгол хүнийг л босгох хэрэгтэй байна. Ийм боломж Монголд бий юу гэвэл хангалттай байгаа.
Өнгөрсөн жил Массачусетсын их сургуулиас (MIT) нэг уралдаан зарласан байсан. Цахим хөтөлбөр хэрэгжүүлээд түүгээрээ шалгалт авахад дэлхийн бараг бүх орноос 160 мянга гаруй оюутан оролцжээ. Монголоос “Сант” сургуулийн сурагч М.Баттүшиг гэж хүүхэд түүнд шалгарсан байна лээ. Массачусетсын их сургууль бол дэлхийн технологийн сургуулиудыг тэргүүлдэг. Тэгэхээр тэр сургуулийн хөтөлбөрөөр даалгавар биелүүлээд түрүүлнэ гэдэг үнэхээр амаргүй. Баттүшиг 100 оноо авахаас 100 оноо авсан байна. 160 мянган хүүхэд өрсөлдсөн учраас нэлээд хэдэн хүүхэд 100 оноо авчээ. Гэтэл Монголын Баттүшиг түрүүлсэн. Яагаад гэхээр тэр хамгийн залуу нь буюу 15 настай байсан. Ингээд Массачусетсийн их сургуульд элсэн орсон байна. Энэ бол үнэхээр гайхамшиг. Энэ бол монгол хүүхдэд, монгол оюутанд, монголын залууст ийм боломж байна гэдгийг харууллаа.
Монгол бол оюуны чадавхи өндөртэй орон
Өөр нэг судалгааны тухай хэлье. Энэ бол үндэсний оюуны чадавхийн итгэлцүүрийг гаргадаг судалгаа. Тодорхой аргачлалаар 113 оронд явж судалсан байна. Ер нь дэлхийн аль үндэстэн оюуны чадавхиараа өндөр юм бэ гэдгийг тогтоохоор судалсан байдаг. Нэгд Сингапур, хоёрт Бүгд Найрамдах Солонгос улс, гуравт Япон, дөрөвт Итали, тавд Монгол оржээ. Энэ бас гайхалтай үзүүлэлт. Дэлхийн 113 улс үндэстнээс монгол үндэстэн айргийн тавд шалгарсан байна. Тэгэхээр оюуны чадавхийн хувьд монгол үндэстэн бусад үндэстнээс дутах зүйлгүй төдийгүй, харин ч нэлээд урдуур явах боломжтойг харуулжээ. Энэ бол оюун санааг Монгол Улс хөгжүүлэх, оюун санаагаа дагаж Монгол Улс хөгжих бүрэн боломжтойг харуулж байна гэж би хувьдаа боддог.
Аливаа хөгжлийг харахын тулд онцлогоо харах ёстой
Аливаа хөгжлийг харахын тулд онцлогоо л харах ёстой. Монгол хүний онцлог юу вэ? Миний бодлоор монгол хүн “задгай сэтгэдэг”. Маш хурдан суралцдаг. Бие даах чадвартай. Их тэсвэр тэвчээртэй. Бас их хөдөлмөрч. Манайхан залхуу л гэдэг, гадагшаа яваад ажил хийж буй хүмүүсийг харахад тийм биш. Монголын ажилчид гадаадад үүргээ сайн гүйцэтгэдэг. Энхийг сахиулах хүчинд, тэр хүнд нөхцөлд монголын цэрэг үүргээ сайн гүйцэтгэдэг. “Монгол цэрэг шиг” гэж магтуулж байдаг. Эрх чөлөөт сонголтын ачаар бас нэг шинээр бий болж байгаа, урьд нь ч монголчуудад байсан зүйл бол өөрийн гэсэн бодол. Манай нийгэмд “шүүмжлэх сэтгэхүй” хангалттай тогтсон гэж боддог. Өнөөдөр Ерөнхийлөгч гарч ирээд ярьсан ч, нэг сургуулийн сурагч гарч ирээд ярьсан ч “За даа, энэ ч” гэж эргэлзэн нөгөө талаас нь ханддаг. Энэ бол шинжлэх ухаан. Энэ бол тухайн үндэстэнд байх хамгийн чухал чанаруудын нэг. Зарим нэг үндэстэн дарга нь гарч ирээд яривал толгой дохидог. Зарим нэг үндэстэн яг хайрцагт орсон сэтгэлгээтэй байдаг. Зарим улс түүнийгээ задлахыг боловсролынхоо гол чиглэл болгож байна. Гэтэл монгол үндэстэнд энэ нь заяамал чанар байдаг.
Монголын хөгжил ойрхон байгаа гэж би боддог
Би монголчуудыг азтай үндэстэн гэж боддог. Яагаад гэвэл өнөөдөр монгол хүний гурван хүн тутмын нэг нь сурч байна. Сургуулийн өмнөхөөс аваад дээд боловсролыг оруулахад Монголд өнөөдөр нэг сая хүн сурч байна. Гурван хүнийх нь нэг нь байнга суралцаж байдаг үндэстэн. Ямар азаар энэ сургуулийнхаа системийг, ямар азаар энэ багш нараа цалин мөнгө нь дутсан ч бид авч үлдэж чадсан юм бэ. Одоо ийм том бааз суурь нь байж байна. Энэ бол гайхамшиг. Монголын их, дээд сургуулийн тоо 200 хүрсэн үе бий, одоо 100 болж байгаа. Чанар руугаа явж байна. Сайн үзэгдэл. Ийм юм болно гэдгийг бид харж байсан. Өнөөдөр их дээд сургуульд боловсрол эзэмшиж байгаа 175 мянган оюутан бий. Монголын баялаг бол энэ 175 мянган оюутан гэж бодож байна. Бас тэдэнд хичээл зааж байгаа багш нар, бий болсон материаллаг бааз Монголын баялаг гэж бодож байгаа. Одоо бид энэ баазаа баяжуулах хэрэгтэй. Үүнийгээ муутгах биш дэмжих хэрэгтэй. Ингэвэл Монголын хөгжил ойрхон байгаа гэж би боддог.
Одоо гэртээ суугаад дэлхийн боловсролын далайгаас сувд шүүрдэж болж байна
Өөр дээрээ жишээ авъя. Би малчин айлын хүүхэд. Та бүхэн мэднэ. Сумын сургуульд орж байж боловсролын захтай залгадаг байлаа. Одоо гэртээ сууж байгаад дэлхийн боловсролын далайгаас сувд шүүрдэж болж байна. Ингэж орчин өөрчлөгдлөө. Намайг бага байхад сургуульд л сурахгүй бол боловсрол олж авах өөр боломж асар хомс байсан.
2005 онд бид “Цахим Монгол” гэсэн хөтөлбөр эхлүүлж байлаа. Тэр үед интернэт хэрэглэдэг хүний тоо Монголд 10 мянга байсан. Өнөөдөр 900 мянга болсон байна. Бод доо, та бүхэн. Аравхан мянга байсан бол одоо 900 мянган тархи тэр оюун ухаанд нэгдэж чадсан байна. Манай гэрт утас байхгүй, хажуу айлдаа орж зургаан оронтой утсаар ярьдаг байлаа. Гадаад руу яривал төв шуудан ордог байлаа. Сумаас утсаар ярина гэвэл заавал холбоон дээр очдог байсан. Нэг их сонин өнгөөр, “Ховд оо, Ховд оо”, “Архангай, Архангай” гэж байгаад л ярьдаг байсан. Юун гадаад руу малын бэлчээрээс ярих. Ээж маань аавыг цэргийн алба хаахад нь таван жилд ганц захиатай л хүлээж байжээ. Өнөөдөр танилцсан хос таван өдөрт нэг мессеж бичихгүй бол бөөн асуудал үүснэ биз дээ. Бидний амьдрал, бидний орчин мэдээллийн технологио дагаад ингэж өөрчлөгдсөн байна.
Ирээдүйн их сургууль гэдэг бүртгэл юм байна
Ирээдүйн их сургууль гэдэг бүртгэл юм байна гэж би харж байгаа. Сая Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Үүлэн систем” төсөлтэй танилцлаа. Нэг том ангид олон оюутан авчирч заавал байлгаад байх шаардлагагүй. Бүртгэдэг, онлайнаар бүх хичээлээ заадаг, эргүүлээд түүгээрээ дамжуулаад шалгалтаа, төлбөрөө авдаг, таван сая хүн сурдаг тийм сургууль байна. Та бүхэн удирдаж байгаа сургуулиудаа үүн рүү шилжүүлэх ёстой гэж бодож байна. Шинжлэх ухаан, технологи, мэдлэг гэдэг явж явж нийгмийн шинэ төслүүд болж хувирлаа. Байгалийн шинжлэх ухаан бол өөрийн гэсэн зүй тогтол, системтэй, физик, хими гээд. Хамгийн их өөрчлөгдөж байгаа шинжлэх ухаан бол нийгмийн шинжлэх ухаан. Маш олон тоглогчтой, маш олон үл мэдэгчтэй. Их өөрчлөгддөг, зарим хүн нийгмийн шинжлэх ухааныг хамгийн хялбар нь гэдэг. Гэтэл нийгмийн ухаанаар энэ улс орныг, байгууллагыг удирдана, авч явна. Хүн өөрийгөө удирдаж авч явна гэдэг хамгийн хэцүү асуудал.
Нэг асуудлыг шийдэхэд л дэлхийн асуудлыг шийдэх боломж ч гарч ирж болно
Өнөөдөр нэг цоо шинэ зүйл гарч ирж байна. Нэг багш нэг ангид 30 оюутан суулгаад хичээл заагаад зогсоод байна гэдэг өөрчлөгдөж байна. Саяын миний ярьсан орчинд шүү дээ. Дэлхийд энэ багшийн ярьснаас хавьгүй илүү боловсрол олж авах боломж байна шүү дээ. Тэгэхээр бид сургах арга хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй болж байна. Саяын миний хэлснээр баяжуулах ёстой.
Ерөнхийлөгч өө, та 2005 онд авлигатай тэмцэх гээд Баатар гэж хүнийг барьж байсан. Одоо авлигатай тэмцэх арга чинь өөр болох ёстой. Одоо ингэж тэмцэж байя гээд надад саналаа хэлэх ёстой. Шударга ёс гэж та ярьж байна. Шударга ёс гэдэг бол ийм үнэлэмжтэй, ийм хэмжүүртэй болсон гээд их дээд сургуулийн багш, оюутнууд мессеж явуулж байгаасай гэж би боддог. Миний фэйсбүүк рүү, миний твиттер рүү тэгж орж ирээсэй гэж боддог. Тийм зүйлийг би маш ховор хардаг. Монголчуудын оюун ухаан, зүрх тархи болсон та бүхнээс төрд ажиллаж буй бидэнд тийм зүйл илгээх хэрэгтэй байна. Зөвлөлт Холбоот Улс задарсан тэр 1990-ээд оны жорыг өнөөдөр арабын хавар дээр хэрэглэнэ гэвэл таарахгүй байна. Арабын хаврын асуудлыг шийдэхэд бид өнөөдөр өөр жор хэрэглэх ёстой.
Та нар биомицин, фталозол, кальци хлорид гэдэг эм байсныг мэднэ. Өнөөдөр энэ эмүүд хэр зэрэг хэрэглэгддэг билээ? Захын хүүхэд “Энэ ханиад ч дарагдахгүй юм аа” гэж хэлж байна. Ингэхэд энд байгаа багш, оюутны толгойд шууд санаа орж ирж байх ёстой. Шинэ төсөл гараад ирлээ гээд. Энэ өвчнийг яаж дарж болох вэ? Яаж монголд байгаа эм, ургамлыг ашиглаад дарж болох байна. Нэг ийм асуудлыг шийдэхэд л дэлхийн нэг асуудлыг шийдэх боломж ч гарч ирж болно.
Төрийн мөн чанар, асуудлын мөн чанар, үүрэг зорилт их өөрчлөгдөж байна
Ингээд харвал төрийн мөн чанар, асуудлын мөн чанар, үүрэг зорилт их өөрчлөгдөж байгаа. Нэг улс дотооддоо өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байна шүү дээ. Грек, Испанийг хар. Европын Холбооны бусад улстай хамтарч байж тэр өр төлбөрийнхөө асуудлыг шийдэх гэж байна. Энэ юуг харуулж байна. Дэлхийд шинэ дэг журам тогтоох ёстойг, энэ үгүйлэгдэж буйг харуулж байна. Энэ үед сургуульд сурч буй оюутнуудыг би азтай юм гэж бодож байгаа. Одоо та нар дэлхийн шинэ дэг журмыг тогтооход оролцох эрхтэй болж байна. Тэр рүү явах ёстой. Ийм үед оюутанд хичээл зааж байгаа гэдгээрээ та нар бахархах ёстой. Энэ бол 100 жилд нэг олдох боломж. Магадгүй өнөөгийн нэг жил 10 жилтэй тэнцэнэ гэж би бодож байгаа. Нэг зүйлийг нэмээд бодох хэрэгтэй. Дэлхийг дэг журмыг 800 жилийн өмнө монголчууд, бидний өвөг дээдэс бий болгож явсан юм шүү гэж. Монголчуудын бий болгосон тэр дэг журам өнөөдөр хуучирч байх шиг байна. Одоо хэнээс үүний шинэчлэлийг хүлээж болох вэ? Үүнд монголчуудын оролцоо байх ёстой. Монголын оюун ухааны оролцоо байх ёстой гэж боддог. Технологи гэдгийг бодож байхад “Энэ чинь зүгээр зүй тогтол, арга зүй юм байна. Энэ чинь явж явж дэг журам юм байна” хэмээн санагддаг. Технологи гэдэг үгийг анх 1829 онд хэрэглэсэн байна. Юунд хэрэглээ вэ гэтэл сургуулийн хөтөлбөрт хэрэглэжээ. “Ийм хичээлийг ингэж оруулж заахыг технологи гэнэ” гэж бичжээ. Одоо англиар өөрөөр нэрлэж байгаа. Тэр технологи гэдгийг монголчууд оруулаад ирчихсэн.
Монгол дэлхийд шинэ дэг журам тогтоож явсан
1215 онд анхны Үндсэн хууль “Магна карт” (анх удаа хааны эрхийг хязгаарласан хууль) гэж гарсан байдаг. Тэгвэл монголчууд түүнээс өмнө бичмэл хуультай байсан. Түүгээр аравтын цэргийн зохион байгуулалт зэрэг дэлхийн дэг журмыг тогтоож байсан. Манайхан зүгээрч нэг газар нутаг байлдаж эзэлж яваагүй юм. Германаас металл хайлдаг дархныг нь, Хятадаас эмчийг нь авчирч байлаа. Хаа байсан Персээс одон орончийг нь, математикчийг нь авчирч байлаа шүү дээ. Хамгийн шилдэг оюун ухааныг Монголдоо цуглуулж байсан. Францаас архитекторчийг нь авчирч нийслэлээ бариулж байсан. Ийм байсан учраас Монгол дэлхийд шинэ дэг журам тогтоож явсан. Тийм учраас бид өөрсдийгөө дорд үзэж болохгүй.
Тэр үед дэлхий монголчуудыг дуурайдаг байсан. Ер нь хүчийг дуурайдаг гэсэн үг байдаг даа. Би үүнийг үнэн юм байна гэж боддог. Тэр үед монголчуудын үсний засалтыг дуурайдаг байсан гэж байгаа шүү дээ. Хоёр талаас нь хусчихсан, гэзэг сэлт одоо хүртэл моод болоод л явж байна. Тэр чинь тэр үеийн монголчуудын үсний засалт. Тэр үед монголчуудын хувцсыг, монголчуудын зэвсгийг дуурайдаг байсан. Тэр үед Монголын цэргийн зохион байгуулалтыг дуурайдаг байсан. Монгол удирдагчдыг, монгол хүнийг дуурайдаг байсан. Тэр хүчийг бид шинэ технологиор авчирсан юм.
Бид өнөөдөр босч ирээд яривал мөнгө хүрэхгүй гэх зэргээр их л зовлон ярина. Бидэнд газар зүйн байршил гэх мэт байгалийн хүндрэл бол бий. Үүнийг өөрчилж чадахгүй. Би хэлдэг. Монгол гадаад нөхцөл, орчноо өөрчилж чаддаггүй юм гэхэд дотроо тааламжтай орчин бий болгож болно. Дотроо тааламжтай бүс бий болгож болно.
Сүүлийн үед “каластр” гэж нэг үг яригдаад байдаг. Энэ үгийг орчуулж өгөөч гэж би нэлээд явсан ч орчуулах өөдтэй үг олдоогүй. Би каластрыг “бөөн” гэж орчуулж байгаа. Монголдоо тийм тааламжтай “бөөн” бий болгоё. Шинжлэх ухаан, технологийн тийм “бөөн”-үүдийг бий болгоё. Жинхэнэ судалгаа хийдэг. Судалгаанаасаа үйлдвэрлэл болгодог тэр “бөөн”-үүдийг бид Монголдоо бий болгоё. Тусгай бүс гэдэг шиг тусгай орчинг Монгол дотроо бий болгож болно. Магадгүй энд ус нь бохирдсон байгаа бол түүн дотор цэвэр ус тавьж болно. Бид ингэж чадна. Бид тэнд татварыг дэмжсэн, зөв бодлого явуулж болно оо доо. Бид тэнд газраар нь, оюун ухаанаар нь, санхүүжилтээр нь дэмжээд өгч болно. Ингэх юм бол манай хөгжлийн нэг давуу тал гарч ирэх болов уу гэж би бодож байгаа.
Монголд бусдаас илүү, гайхалтай нэг юм байна. Энэ бол газар нутаг, орон зай
Монголд бусдаас илүү, гайхалтай нэг юм байна. Энэ бол газар нутаг, орон зай. Нэг хүнд ногдох орон зайгаараа Монгол Улс дэлхийд нэгдүгээрт ордог биз дээ. Энэ зай, талбайгаа яагаад ашиглахгүй байгаа юм бэ. Өнөөдөр бага газар нутагтай, их хүн амтай улсад зай талбай гэдэг бол асар өндөр үнэ. Тэр бүхнийг өөрчилнө гэдэг асар хэцүү. Гэтэл өнөөдөр Монголд хамгийн их боломж энд байна шүү дээ. “ШУТИС нэг бөөн, нэг каластр байгуулах гэж байна” гээд та бүхэн улс орон даяар зарла л даа. 330 сумаасаа санал ав. Хамгийн сайн санал өгсөн сумын газар нутаг дээр бид очино. Дэд бүтэцтэй, хамгийн сайхан агаартай, хамгийн сайхан боломж олгож байгаа сумынх нь газар дээр очоод бид ийм ийм юм хийж өгнө. Бид ийм судалгаа явуулна. Бид 10 жилийн дараа танай аймгийн нутаг дээр ийм үйлдвэрлэл хийнэ. Бид зөвхөн Монголыг хангаад зогсохгүй дэлхийд энэ бүтээгдэхүүнээ нийлүүлнэ. Үүний төлөө уралдаж байх ёстой. Ингэх юм бол Монголд шинэ бүтээл, шинэ бүтээгдэхүүн, шинэ зүйл гарч ирнэ.
Алхаад хүрчих газар л хүн наад захын хэрэгцээгээ хангахыг хүсдэг
Нэг зүйл харж байхад дэлхий том тосгоноос, том хотоос татгалзаж эхэллээ. “Том төрөөс ухаалаг төр рүү” гэдэг шиг хүн амьдарч болохоор амьдралын орчин руу хүмүүс их тэмүүлдэг юм байна. “Бөөн” гэж юу гэсэн үг вэ. Нэг судлаач, нэг эрдэмтэн яваад очиход тэнд амьдардаг орон байр нь аятай, тухтай, хүүхдээ явуулдаг сургуультай, үзүүлэх эмнэлэгтэй, гараад явахад хүнсний бараатай байх ёстой. Хүн зөвхөн юм идэж ууж, судалж суудаггүй. Амрахад амралтын газартай. Энэ бүхнийг нийлүүлсэн 1000 хүнтэй, 5000-10000 хүнтэй хотхон “бөөн”-үүдийг байгуулж эхэллээ гээд бод доо, та бүхэн. Монгол үүгээрээ л гайхалтай. Зай талбай нь байна. Хажууд нь мал маллаад явж байгаа малчин байна. Мах, сүү нь байна. Гайхамшигтай агаар нь байна. Юу дутаж байгаа юм бэ? Энэ санаачилгыг гаргаж, үүнийг цааш нь явуулах хэрэгтэй. Хараад байхад хотууд энэ хэлбэр рүү орж байна. Манайхан ярьдаг шүү дээ, алхаад хүрчих газар гэж. Алхаад хүрчих газар л хүн наад захын хэрэгцээгээ хангахыг хүсдэг юм байна. Алхаад хүрчих газар хүүхдээ сургуульд өгчихье. Алхаад хүрчих газар очоод даралтаа үзүүлчихье, дэлгүүрээс юм авчихъя. Алхаад хүрчих газар нэг сайхан ногоон байгууламжид ороод сууя. Найзтайгаа уулзъя гэж.
Хүн насанд хүрээд ирэхээрээ хүлээн зөвшөөрөгдөх, бусдад өөрийгөө харуулах, бусадтай уулзах гэдэг. Хүн гэдэг бол харилцааны амьтан. Танай аав тэтгэвэрт гарчихсан гэртээ үлдэж байгаа бол орой очиход чинь “Аав нь гараад тэр хүнтэй уулзаад ирлээ” л гэж байгаа биз дээ. Хөгшин хүн өнөөдөр ямар зовлон ярьж байна вэ. Хамгийн хүнд зовлон бол ганцаардахын зовлон. Тэр хөгшдөд уулзаж байдаг тийм л газар байгуулаад өгчих л дөө. Тэгэхэд тэр хүмүүс татагдана шүү дээ. Энэ өөрөө шинжлэх ухааны асар том төсөл. Бизнесийн асар том төсөл. Монголд давуу тал нь юу байна вэ. Байгаль орчин нь, газар нь байна. Бид үүгээрээ өнөөдөр дэлхийд тэргүүн эгнээнд байж байгаа.
Нэг сайн бүтээл, нэг зах зээл, нэг дэлхий болж байгаа нь гайхамшиг
Өөр нэг гайхалтай зүйлийг би та бүхэнд хэлье гэж бодсон юм. Тэр юу вэ гэвэл интернэт, холбоо, мэдээллийн технологиор дамжуулаад “Нэг нээлт , нэг зах зээл, нэг дэлхий” гэсэн ойлголт гарч ирж байна. Үнэхэээр өөрөө хүнд хэрэгтэй юм нээчих юм бол дэлхий тэр чигээрээ хэрэглэхээр болчихоод байна. Ухаалаг гар утас гэдэг юмыг Стив Жобс нээгээд, гаргаж ирээд, оруулахад өнөөдөр дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа биз дээ. Ганцхан АНУ юм уу, Япон хэрэглээд зогсохгүй монголчууд худалдаж авч байгаа биз дээ. Нэг сайн санаа байх юм бол дэлхий минийх юм байна шүү дээ гэж та бодож болно оо доо. Ингэж оюутнууддаа ойлгуулах хэрэгтэй. Ингэж өөрөө урамших хэрэгтэй. Ингэж үүний төлөө явах ёстой. Нэг сайн бүтээл, нэг зах зээл, нэг дэлхий болж байгаагаараа гайхамшигтай юм.
Хүний амьдрах орчинг гаргаж өгье. Хотхонуудыг, “бөөн”-үүдийг байгуулахад 60 хувь нь ногоон байгууламж байна. Улаанбаатарт сүүлийн үед хийсэн хамгийн сайн зүйл бол Соёл амралтын хүрээлэн юм. Нэг том хүрээлэн байгуулж байгаа. Зүгээр л ногоон парк шүү дээ. Түүн дээр зарлиг гаргаж өгсөн. Улаанбаатар хот хажуудаа хамгийн том ногоон байгууламжтай хот болох боломжтой. Түүний төлөө явж байна. Газар нь байгаа учраас тэр боломжийг бид гаргаж өгч байгаа юм. Одоо хүмүүс тэнд очдог, дугуй унадаг, цанаар явдаг, очиж уулздаг, ярьдаг, зугаалдаг болсон байна. Энэ боломжуудыг нь гаргаж өгөх боломж Монголд байна. Ингэвэл Монголын хөгжил дэлхийн хараатай хөгжил болох боломжтой.
Монголчууд дэлхийн хараатай хөгжье
Өнөөдөр би хөгжлийн тухай ярихдаа монголчууд дэлхийн хараатай хөгжье гэж байгаа юм. Зөвхөн сургуулийнхаа хүрээнд сэтгэх хэрэггүй. Миний хийж байгаа зүйл дэлхийд хэрэг болох юм гэж бодох хэрэгтэй. Энд хийж байгаа судалгаагаа дэлхийн хамгийн шилдэг их сургуулиуд дээр хийж байгаа судалгаатай яг адилхан хараад сууж байх боломжтой. Би доктор хамгаалаад ирсэн хүүгийнхээ жишээгээр мэднэ. Яг тэр судалгааг дэлхийн ямар сургууль дээр хийж байна. Өнөөдөр яг ямар бөөм дээр нь, ямар эсэн дээр нь, ямар урвалж дээр ажиллаж байна. Түүн дээр ямар реакц үзүүлж байна гэдгийг бүгд хараад байж байна. Үүнийг үүгээр идэвхжүүлэхэд юу үзүүлэх нь вэ гээд хараад байж байгаа. Өөрийнхөө хийж байгаа судалгааг дэлхийн хамгийн шилдэг судалгаатай холбож харж байж л бидний ажил дэлхийд хүрнэ.
Чадвартай хүнд дэлхий нэг зах зээл боллоо
Чадвартай хүнд бол дэлхий өнөөдөр нэг зах зээл болжээ. Өнөөдөр чадвартай багш дэлхийн аль ч их сургуульд очиж багшлах эрхтэй л байх ёстой. Чадвартай багш, судлаач, удирдагч хүн дэлхийн хаана ч очсон өөрийгөө үнэлүүлж, хүлээн зөвшөөрөгдөх болсон. Энэ түвшинд бид хүрсэн байх ёстой. Тэгэхээр бид өнөөдөр дэлхийн хараатай өөрийгөө боловсруулж, дэлхийн хэмжээнд өөрийн зорилгыг тавих цаг болжээ.
Аливаа хүнд нэгэн гайхамшигтай шинж чанар бий. Хүн юманд хурдан суралцах юм. Муу хүн хурдан засрах юм. Энэ үнэхээр гайхамшигтай шинж чанар биз дээ. Хүн өөрчлөгддөг. Сармагчны зулзага, хүний хүүхэд хоёрыг дугуй унуулж сургахад хүний хүүхэд бараг зааж өгөөгүй байхад унаад давхидаг. Энэ боломж чадварыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа хүмүүс бол та бүхэн юм. Иймээс та бүхэнд их чухал хариуцлагатай үүрэг оногддог.
Монголын дээд боловсрол Монголын хөгжил, оюун ухааны шигшээ баг байх ёстой
Монголын дээд боловсролыг бид өөрчилж, чөлөөтэй, бүтээлч, өрсөлдөөнтэй болгох ёстой. Монголын дээд боловсрол бол Монголын хөгжил, оюун ухааны шигшээ баг нь байх ёстой юм. Монгол бол ардчилал, эрх чөлөөтэй улс. Гэтэл Монголын дээд боловсрол өнөөдөр эрх чөлөөгүй байна. Та бүхэнд хөгжих эрх чөлөө, автономи байхгүй байгаа биз дээ. Өөрсдийн бүтээлээ бизнес болгоод, эргүүлээд хөрөнгө болгох боломж та бүхэнд байна уу? Та бүхний санхүүжилтийн 90 хувь оюутны сургалтын төлбөрөөс бүрдэж байна. Монгол Улс дээд боловсролдоо бага мөнгө зарцуулдаг. Намайг Ерөнхийлөгч болох үед статистикийн судалгаагаар нийт дээд боловсролын санхүүжилтийн 90 гаруй хувь нь сургалтын төлбөрөөс бүрддэг байсан. Мөн дээд боловсролын салбарт төсвийн есөн хувийг зарцуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, дээд боловсролын зардлын есөн хувийг төсвөөс зарцуулдаг байсан.
Гэтэл боловсролын салбар нь өндөр хөгжсөн АНУ-д дээд боловсролдоо төсвөөс 47 хувийг нь зарцуулдаг. Дээд боловсролынх нь нийт зардлын 47 хувь нь төрийн дэмжлэг байна. Энэ үзүүлэлт Европын холбооны орнуудад 86 хувь байна. Гэтэл Монголд есөн хувьтай байсан бол одоо оюутны 70 мянгыг өгдөг болсноос хойш бага зэрэг нэмэгдэж байгаа байх.
Одоо бид нар боловсролын чөлөөт байдлыг хангах тал дээр ажиллах ёстой. Оюутан бол тэсэрч явдаг нас. Ер нь энэ орчлон ертөнц тэсрэлтээс бүрдэн тогтсон юм гэдэг. Гэтэл яамны нэгэн хүнд сурталтны баталсан хөтөлбөрийн дагуу хичээл зааж, тэр оюутныг нэг ангид зургаан жилийн турш уяж байгаа. Энэ ямар хатуу залхаан цээрлэл вэ. Гэтэл өнөөдөр дэлхий ямар өөр болоод байна. Одоо бид энэ өөрчлөлтийг даруй хийх ёстой.
Сая нэг хүн “Хөгжил бол зохион байгуулалт юм” гэж маш зөв хэлсэн. Тэр тэсэрч яваа атомуудыг зохион байгуулалтад оруулахыг шинжлэх ухаан гэж хэлж байгаа. Тийм учраас дээд сургуульд дэлхийн хэмжээний наад захын технологийн боловсрол өгч чаддагүй юм бол дэлхийн хэмжээний сахилга баттай, зохион байгуулалттай оюутан гаргах хэрэгтэй. Тэр оюутан нийгэмд л амьдрах гэж байгаа биз дээ. Тэр талаас нь авч үзэх хэрэгтэй.
Боловсролын зохион байгуулалт хүүхдийг монгол хүн болгоход голлон анхаарах ёстой
Аливаа юм хоёр талтай, хоёр тийшээ өөрчлөгдөж явж байдаг. Миний бодлоор манай боловсролын зохион байгуулалт 1-10 дугаар анги хүртэл тухайн хүүхдийг монгол хүн болгоход голлон анхаарах ёстой. Тухайн хүүхдийг ёс заншлаа мэддэг, мэдлэгтэй сайн хүн болгоход дунд сургууль ажиллах ёстой. Ингэснээр хүүхэд 1-10 дугаар ангидаа хүнтэй хэрхэн харилцах, хүмүүжлийн тал дээр мэдлэгтэй болох ёстой. Өчигдөр ээждээ загнуулсан бол дахин загнуулахгүйг бодож, гэрт нь гэр бүлийн хүчирхийлэл гарвал хэрхэн зугтах вэ, манай суманд энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ зэрэг асуудлыг сургууль дээрээ ярилцаж байх ёстой.
Манайд зөвхөн номд бичсэн зүйлийг л заадаг. Гэтэл амьдрал зааж, асуудал шийдүүлэх хэрэгтэй. Ингэвэл тухайн хүүхэд нийгэмд хэрэгтэй хүн болж төлөвшинө. Ингээд 10 дугаар ангиа төгссөний дараа хүүхдийг чөлөөтэй байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мэргэжлээ сонгох тал дээр эрх чөлөө олгох хэрэгтэй. “За хүү минь чи ийм авьяастай учраас энэ мэргэжлийг сонгож ирээдүйд ийм хүн болох боломжтой шүү” гэж чиглүүлж өгөх хэрэгтэй. Тэгээд дээд сургуульд орсны дараа эхний нэг жилд нь эрх чөлөөтэй байлгах хэрэгтэй. Та бүхэн мэднэ, бусад орны их дээд сургуулиуд дээр бараг хэдэн долоо хоногоор “шопинг” хийж, бараа худалдаж авах гэж байгаа хүн шиг явдаг шүү дээ. “Надад хичээл заах гэж байгаа багш маань ямар багш юм. Ямар боловсролтой юм. Тэгээд надад юу заах гэж байгаа юм. Нөгөө хичээлийнх нь хөтөлбөр нь байж байдаг. Уншаад үзэхэд надад нэг ийм юм заах гэж байгаа юм байна. Ийм боловсролтой багш юм байна. Би энэ багшийг дагавал юм сурах байна. Харин энэ багшийг дагавал бүтэхгүй юм байна. Өөр багш сонгоно оо” гээд тэр хүүхдүүд сонголтоо хийж байх ёстой. Тийм боломж олгох ёстой.
Хөдөөнөөс 10 дугаар анги төгссөн, хотод 12 дугаар анги төгссөн хүүхдүүдийг нэг ангид оруулж, зургаан жил суулгаж байгаад гаргах юм. Тэр хүүхдийг их зөв сонголт хийсэн гэж бодож оруулж ирж байна уу. Ихэнх нь азаар л сонгож байгаа шүү дээ. “Их сургуульд орсон, за азны юм, сургуульд ороод авлаа” гэж оюутнууд ярьдаг. Гэтэл 10 хүүхдийн найм нь амьдралынхаа зорилго болгоод хэрэгжүүлэх тийм боловсролоо сонгож чадаагүй байж магадгүй. Тиймээс тэр сонголтыг хийлгэдэг газар чинь одоо энэ их сургууль юм байгаа биз дээ. Ингэж хөтөлбөрөө өөрчлөөсэй гэж би боддог. Тэгээд бакалаврын сүүлийн гурван жил нь мэргэшүүлээд төгсгөх ёстой.
Хүн бүхэн Эйнштейн байх албагүй
Монголын нийт оюутан сурагчдын 60-80 хувь нь бакалаврт сурч болно. Тэгээд бакалавраас цааш хэдэн хувь нь явах вэ гэдгээ харин бодох ёстой. Ер нь хүн бүхэн Эйнштейн байх албагүй. Техник мэргэжлийн сургууль төгсөөд ажил хийдэг, гялалзсан сайхан боловсон хүчин байж болно. Бакалаврын мэргэжил хангалттай. Аав ээж нь хүүхэддээ “Заавал доктор болох хэрэггүй. Бакалавр болох хэрэггүй. Хэрэв цаашаа явъя гэвэл магистр ор. Магистр бол хангалттай дээд боловсрол юм шүү” гэж хэлэх хэрэгтэй. Харин магистрт орохдоо “Ер нь магистраа дуусгах уу, үгүй юу” гэдгээ шийдэх хэрэгтэй. Хаяад гарч болно шүү дээ. “Болохгүй бол сургуулиа хаяхгүй юу” гэж би зөвлөдөг. Энэ нь нэг бол хамгийн буруу, эсвэл хамгийн зөв сонголт юм. Та бүхэн мэднэ шүү дээ Стив Жобс сургуулиа хаясан. Билл Гейтс Харвардын коллежийг хаясан байдаг. Технологийн томоохон компаниуд анх гараашид үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Миний бодлоор тэр гарааш нь сургууль байх ёстой юм. Гараашид хийдэг юмыг сургуульд хийлгэдэг болчихвол тэр хүүхэд яах гэж гараашид суух юм бэ.Ингэх юм бол технологийн компаниуд босч ирж Монголын Билл Гейтс төрнө. Ийм их боломж бол бий.
Хүн өөртөө төртэй гэдгээ ойлгох хэрэгтэй
Ингэж харж хөтөлбөрөө хийх юм бол асуудлыг өөрөөр шийдэж чадна. Аливаа асуудлыг шийдэх гэхээр манайхан бүгд төр рүү ханддаг, төрөөр асуудлаа шийдүүлэх гэдэг. Мулгуу, муу төртэй байгаа газар төрөөр асуудлаа шийдүүлнэ гэдэг хамгийн муу сонголт. Төрөөр асуудлаа шийдүүлэх тусам өөрийн амьдрал улам бүр хүндрэх болно. Хүн өөрөө төртэй гэдгээ ойлгох хэрэгтэй. Хүн төрөхдөө дотроо Эрүүл мэндийн яамтай төрдөг. “Би өнөөдөр ханиад хүрлээ. Эрүүл мэндийн яам муу байна” гээд л нүд нь гялалзаад байдаг. Үгүй ээ, тэр ханиаднаас сэргийлдэг дархлааны эсийг дотор чинь төрүүлчихсэн юм. Чи дасгал хийж, эд эсээ сэргээ л дээ. Тэгээд чи ханиадаа өөрөө эмчилж чадна шүү дээ. Эрүүл мэндийн яам дотор чинь байгаа. Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яам болохгүй байна гээд байдаг. Мөн л Боловсролын яамыг дотор чинь төрүүлчихсэн байхгүй юу. Уураг тархи чинь Боловсролын яам юм байгаа биз дээ. Яах юм бэ чи Боловсролын яам руу хараад. Чиний мөрөн дээр Л.Гантөмөр сайдын толгойг залгаж өгөх юм уу? Тийм юм байхгүй шүү дээ. Тийм учраас хүн өөртөө төртэй, хуультай, ёс зүйтэй байдаг. Хүн өөрөө өөрийгөө авч явдаг, хөгжүүлж чаддаг. Үүнийг л ойлгуулах хэрэгтэй.
Сайн бөгөөд ухаалаг төр бол хүний ажилд дэмжлэг болох ёстой. Их дээд сургуулийг өөрчлөхөд манайд нэг зүйл байгаа юм. Сургуулийг хувийн болон хувьсгалын гэж бүү ялгаарай гэдэг. Хувийн сургууль байгуулна гэдэг бол нэг талаараа гайхамшигтай эр зориг юм. Монголын хөгжилд өөрийн гэсэн их хувь нэмэр оруулж байгаа учир түүнийг дэмжих хэрэгтэй. Гэхдээ тэнд нэг буруу зүйл байгаа. Тэр нь юу вэ гэвэл эздээ тойрсон түүний хүүхдүүд гэж нэг хэсэг азарга шиг хүмүүс. Төрийн сургуульд захирлаа тойрсон бас нэг хэсэг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ бүтцээ болих хэрэгтэй.
Шинжлэх ухаан технолгийн их сургууль дээр зөвлөлийн систем, зохицуулах зөвлөлүүдийг байгуулах хэрэгтэй. Энэ сургуулийн зөвлөлийн гишүүн гэдэг бол энэ сургуулийн хөгжил дэвшил, энэ оюун ухааныг Монгол Улсын хөгжил дэвшилд оруулахад хамгийн их хувь нэмэр оруулах, үүний төлөө зүрх сэтгэл нь ажилладаг хүн байх ёстой. Түүнээс биш зүрх сэтгэлгүй өнгө, мөнгө сонирхсон нөхдүүд орж ирж суух ямар ч шаардлагагүй. Түүний дор олон зөвлөлүүд байна. Үйлдвэрлэлийн зөвлөл, судалгааны, сургалтын гээд энэ зөв системрүү орох хэрэгтэй. Манайд бизнесийн систем, боловсролын систем нь хүртэл ХХ зууны эхэнд яваад байна шүү дээ. Бизнес гэр бүлээсээ гарч чадахгүй л байгаад байна. Би нэг зүйлийг хэлдэг. Бизнес олон нийтийнх болох хэрэгтэй. Гэтэл хэсэг бүлэг хүнийх, ах дүүгийнх, гэр бүлийнх байгаад байх юм. Үүнийг өөрчилж олон нийтийнх болгох хэрэгтэй байна. Public буюу олон хүн хувьцааг нь эзэмшдэг болгох хэрэгтэй. Жишээлбэл, ШУТИС үнэхээр сайн ажиллаж байгаад 10-20 хувиа олон нийтэд хөрөнгийн зах зээлээр дамжуулан зар л даа. Үнэхээр сайн үйлчилгээ, сургалттай байвал гадаад, дотоодоос хүмүүс худалдаад авна шүү дээ. Үүгээр дамжуулаад нэгдүгээрт, хөрөнгө ороод ирнэ. Хоёрдугаарт, олон нийтийн хяналт сайжраад ирнэ шүү дээ. Ингээд зөв болоод явна. Олон нийтийн баялаг бий болно. Энэ зөв хийсэн тэр буруу хийсэн гээд яваад байх юм бол бидэнд хөгжил ирэхгүй өөрчлөлтийг хийж чадахгүй. Дээр нь дээд боловсролын салбарт бид нэг зарчим баримтлах хэрэгтэй.
Хамгийн шилдэг сургуулийн хөтөлбөрийг Монголд авч ирэх хэрэгтэй
Бид гадаадын сургуулийг шууд хуулбарлан Монголд байгуулах шаардлагагүй гэж бодож байгаа. Түүний оронд юу хийх ёстой вэ гэхээр хамгийн шилдэг сургуулийн хөтөлбөрийг Монголд авч ирэх хэрэгтэй. Хамгийн шилдэг сургуулийн багш нарыг урьж ажиллуулах хэрэгтэй. Хамгийн шилдэг сургуулийн хөтөлбөрийг хамтарч боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Хамгийн шилдэг лабораторийг, хамгийн шилдэг менежментийг сургууль дээрээ авч ирэх хэрэгтэй. Ингэж чадах юм бол Монголын оюун ухаан Монголдоо үлдэж Монголын бүтээгдэхүүн болж гарна.
Яг энэ чиглэлрүү явж байгаа, явах гэж байгаа бол аль болохоор дэмжих хэрэгтэй. Монголд бас нэг давуу тал байгаа. Жишээлбэл, Финланд, Португал, Сингапур, Коста-Рика, гэх мэт улсууд боловсролын системээ хамгийн их хөгжүүлж өөрчилж байна. Судлаад үзэхээр их том орнууд биш авсаархан орнууд байгаа юм. Тэнд боловсролын үнэ цэнэ түүнийг ойлгодог удирдлага байна, хүнд суртал бага байна. Тиймээс асуудал нь шийдэгдэж байна. Тийм учраас Ерөнхийлөгчөөсөө авхуулаад боловсролын үнэ цэнийг ойлгож дэмжих цаг болсон. Тэгж байж энэ өөрчлөлтийг хийж чадна. Манай Гантөмөр сайд энэ өөрчлөлтийг зөвөөр ойлгож хийж чадвал энэ зам хамгийн зөв зам болж чадна.
Тийм учраас ганц нэг хүний шүүмжлэл, ганц нэг хүний хойш нь татаж байгаа зүйл дээр шантарч зогсох хэрэггүй. Уул давах гэж байгаа хүн наана нь байгаа довонд бүдэрч унаад хамраа шалбалаад байх хэрэггүй. Өөдөө л зүтгэх ёстой. Ерөнхийлөгчийн хувьд бүтээлч сайн санаачилга, ажил хэргийг дэмжиж тусална гэж боддог. Энэ бол миний үүрэг гэж бодож байгаа, Бүтээлч сайн санаачилгыг ажил болгоход түүн дээр манлайлал үзүүлнэ гэж бодож байгаа. Түүн дээр би тусална.
Монгол бол түүхэн санамжтай ард түмэн
Монголчуудын хувьд нэгэн гайхамшигтай давуу тал байгаа юм. Монголын ард түмэн, Монгол хүн бол түүхэн санамжтай ард түмэн. Тэр түүхэн санамжийг би үе үе сануулж байх хэрэгтэй гэж үздэг Монгол бол дэлхийн гүрэн байсан. Монгол бол технологи, зохион байгуулалтаараа, дэг журмаараа дэлхийд тэргүүлж явсан гүрэн гэдгийг би ард түмэндээ, үр хүүхэддээ сануулж явах ёстой гэж боддог. Тийм учраас өнөөдөр энэ тухай би их, дээд сургуулийн удирдлагууд эрдэмтэн багш нартай яриад байгаа юм.
Швейцарь гэж орон байдаг. Тэр улс 500 жил эрх чөлөөтэй эв найртай амьдарлаа. Тэр улс сэрүүлэгтэй хөхөөтэй цаг хийсэн юм. Одоо дэлхий дээр хамгийн сайн цаг хаанахынх байна энэ улсынх. Сэрүүлэгтэй цаг хийсэн нь сэрч байх ёстой гэдгээ сануулж, эв найртайдаа бардаж унтаад байж болохгүй гэдгээ ойлгож ийм цаг хийсэн. Энэ улс хөгжихийн тулд их энгийн нэг л зорилго дэвшүүлсэн. Тэр нь мөнгөтэй болох ёстой гэсэн зорилго л тавьсан. Ямар л аргаар байна мөнгөтэй л болъё гэж. Тэгтэл мөнгө олох гэсэн ч худалдах зүйл бараг байхгүй байсан. Газар зүйн хувьд ч бас том орнуудаар хүрээлүүлсэн, хүйтэн уур амьсгалтай байсан. Тухайн үед мөнгө олж болох зүйл нь цэрэг байсан. Цэргээрээ Английн хатан хааны хамгаалалт, өөр улсын эрх мэдэлтэй хүмүүсийн хамгаалалтыг хариуцуулж, оронд нь мөнгө авч байсан. Тэгээд бас жижигхэн чанартай зүйл хийгээд түүнийгээ үнэтэй зарах хэрэгтэй юм байна гэж үзээд цаг үйлдвэрлэдэг болсон. Ингэж Швейцарьцаг бий болсон байгаа юм. Бас санхүүгийн салбартаа эрс шинэчлэл хийж мөнгө хадгалах гэж Швейцарьт банкууд бий болсон.
Манайхан шиг хөрөнгө оруулалт ороод ирэхээр хашгиралдаад, ташуураа бариад, морио унаад, сумынхаа клубт цуглараад уйлалдаад дайраад байх юм бол ямар хөрөнгө оруулалт орж ирэх вэ дээ. Монгол Улс хөгжихөд хөрөнгө мөнгө хэрэггүй орон уу. Нэг жишээ хэлье. Та бүхэн монгол төгрөгөө бариад, ам. доллар болгохгүйгээр Бээжингээс очоод компьютер худалдаж авах гээд үз л дээ. Америкт очоод машин худалдаад ав, Японд очоод төгрөгөөр технологи худалдаад ав. Эсвэл машин авах гээд үз, болох уу? Юугаараа тэр гүрнүүд ялгаатай байна. Америкчууд ам.доллараа хэвлээд гадаадад гаргахад тэр нь буцаад баялаг болоод, бараа болоод ороод ирж байгаа.
Монголын Үндэсний эрх ашиг бол хөгжил
Монголд өнөөдөр хөгжил хэрэгтэй байна. Монгол үндэсний эрх ашиг гэж юу вэ. Хүмүүс үндэсний эрх ашиг гэж их ярьдаг. Би бодохдоо Монголын Үндэсний эрх ашиг бол хөгжил гэж боддог. Хүн хөгжилтэй байх ёстой, Монгол Улс хөгжилтэй байх ёстой. Монгол Улс ядуу байх юм бол, монгол хүн дорой байх юм бол,монголчууд дотроо хагаралдаж байвал, хөгжилгүй байнга нэгнээ татаж унагаж байвал энэ байдал хэнд ашигтай байх вэ гэдэг ойлгомжтой шүү дээ.
Тэгвэл Монголын үндэсний эрх ашиг бол хөгжил юм. Хөгжилийн оюун ухааныг ажил болгох эзэд нь та бүхэн юм. Энэ нь Монголын боловсрол шүү дээ. Тэгэхээр ингэж асуудлаа харж явсан улс орон хөгждөг юм байна. АНУ-ыг аваад үзэхэд хүний бүтээлч чанарыг патент болгоод урамшуулдаг юм билээ. Норвеги улс баялгийн сангаа зөв зохион байгуулсан байна. Өмнөд Солонгос улс бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний компаниа дэмжсэн байна. Япон бол шинэ технологид их хөрөнгө оруулж, түүнийгээ үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн байна. Канадыг аваад үзэхэд эрүүл мэндийн салбар, түүний тогтолцоог зөвөөр шийдэж чадсан байна.
Та бүхэн бод доо, эндээс нэг зүйлийг харж болохоор байна. Бүх зүйлийг шийдэж хөгжиж чадсан улс алга, бүх зүйлээр тэргүүлдэг улс гэж байхгүй байна. Тиймээс өөрт байгаа хамгийн онцгой гойд болох зүйлээ хөгжүүлэх хэрэгтэй юм. Аль нэг орон бүх зүйлээрээ тэргүүлэх боломжгүй, бүх зүйлээрээ төгс төгөлдөр орон гэж байдаггүй юм байна.
ХХ зууны эхэнд дэлхий нийтийг тэргүүлж байсан улсуудад нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар байжээ. ХХ зууны төгсгөлд өндөр хөгжилтэй орны дундаж нь 50 000 ам.доллар байсан байна. ХХI зууны эхэнд 50 000 ам.доллар байсан бол ХХI зууны төгсгөлд дунджаар 200.000 ам.доллар болох байх гэж тооцоолж байгаа.
Top of Form
Ийм их бизнес дэлхийд бий болох нь ээ.Үүний хаана нь бид байх юм бэ? Түүнээс бид хуваалцах ёстой, бүтээлцэх ёстой. Ингэж бид зорилгоо харах ёстой гэж бодож байна.Япон улсыг аваадүзье.Би Япон улс бөөн байгуулсныг үзлээ.Яг миний түрүүн хэлсэн шиг бүх орон даяараа зарласан байна.Японы мужуудаас “Хамгийн сайн шинжлэх ухаан, технологийн кластр байгуулах бизнесийн боломж танайд байна уу? Тийм газар нутгийн боломж байна уу? Хүний нөөц байна уу?Танайх дэмжих үү?” гээд 60-аад төсөл ирүүлсэн.Эрдэмтэд судалж үзээд тэдгээрийг 18 болгосон байна.Миний яриад байгаа кластр буюу бөөнийг чинь тэнд хийж байна. Тэр АНУ-ын “Цахиурын хөндий” гэдэг чинь ч адилхан шүү дээ.
Бид өөртөө тохирсон шинэ шинжлэх ухаан дээр ярья.Монголд гарч ирэх шинжлэх ухааны салбар юу байж болох вэ? “life science” гэж нэрлэдэг шүү дээ. Үүнийг орчуулахын тулд яг юу судалдгийгүзэхээр эрүүл мэндийг судалдаг юм байна. Хүнсний бүтээгдэхүүн дээр ажилладаг юм байна. Монгол бол ийм амьдралын шинжлэх ухаан дээр хамгийн урагшлуулах боломжтой орон гэж би үзэж байна. Биологийн шинжлэх ухаан дээр хамгийн урагшлуулах боломжтой орон гэж би боддог. Саяхан Монголд гадаадын өндөр технологийн компани ирж хөрөнгө оруулалтын боломж хайсан байна. Тэгээд Монголын хөрсөн дээр юм тарих гэж дээжийг нь гадаадын лаборатори руу явуулж, “Энд юм ургаж болохоор байна уу?Хэр зэрэг хөрс байна вэ?” гэж лавласан байна.
Тэгсэн нөгөө лабораториос хариу ирж, өөдөөс нь асуулт асууж байна гэнэ. Яаж та нар хөрсөө хар тугалгаас цэвэрлэж чадав аа гэж. Тэр лабораторийн шинжилгээ хийдэг хүмүүс дэлхийн газрын хөрс нийтдээ тугалгаар хордсон гэж үздэг юм байна. Гэтэл Монголынх хар тугалгын хольцгүй, цэвэр хөрс байдаг. Тэгээд та энэ цэвэр хөрсийг хаанаас гаргаж авав аа гэж асуусан байна. Монголд зүгээр л нэг байдаг хөрс шүү дээ. Тэр цэвэр хөрсөн дээр тарихад хамгийн цэвэр буудай, хамгийн сайн чанарын ургамал ургах боломжтой. Дээр нь Монголын байгаль бол хамгийн том шинжлэх ухаан, хамгийн том лаборатори, хамгийн төгс ч гэж хэлж болно. “-40-өөс +40” хэмд босоод ирдэг ургамал гэхээр нэлээн шийртэй ургамал байгаа шүү тэр. “-50-аас +50” хэмд амьдраад явж байгаа мал бол арай өөр мал шүү дээ. Тэнд амьдарч байгаа хүн ч бас арай өөр хүн юм.
Өнөөдөр Монгол хүнийг Өмнөд Солонгос судалж байна.Японд Монгол хүнийг судалж байна. Хятадад Монгол хүний биологийг судалж байна. Япончууд Монгол хүнийг судлаад “Архи их уудаг, элэг муутай, гэхдээ одоо тэр хороосоо татгалзаж байгаа” гээд баяр хүргэж байгаа. Япон хүний элэгнээс монгол хүнийх архи задлах чадвар нь 3 дахин их байж. Тэгээд түүнийг судалж байгаад пивоны компани шинэ эм гаргасан байдаг. Түүнийгээ пивоныхоо толгойд угласан байгаа. “Кирэн” гээд пиво байна гэсэн.
Зүгээр л эсийг нь судалсан байгаа юм. Дөрвөн улиралтай энэ бус нутагт тэсээд ургасан ургамал гэдэг чинь шинжлэх ухааны гайхамшигтай бүтээл гэсэн үг. Одоо та нар судлаад эргэлтэд оруулл даа. Юу нь дутаад байгаа юм бэ? Одоо ширээнийхээ ард судалгаа хийж байна гээд цаас хараад унтаад байвал унтаад л байна шүү дээ. Миний хэлдэг тэдгээр кластрыг бүгдээрээ байгуулаад явъя. Монголд бид бүхнийг хийх хэрэггүй. Шаардлага ч байхгуй. Гэхдээ Монголд хийх, хийж болох юм гэж байна. Тийм биз. Энэ уул уурхай, байгаль орчин, мал амьтан, ургамал өвс, Монголд байгаа био орчныг судлах юм бол юм гарч ирэх боломжтой гэж бодож байна.
Монголын хөгжлийн философийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Би гадны хүмүүст ч ингэж тайлбарладаг, дотооддоо ч хэлдэг. Заримдаа би хоёр хөрштэйгөө харьцуулж тайлбарладаг. Манай хоёр хөршийн хөгжлийн философиос Монголынх арай өөр. Хоёр хөршийн хувьд төв нь хүчтэй байх юм бол тэр орон амар амгалан, хөгжил цэцэглэлтэй байна. Өнөөдөр манай хоёр хөршийн төв хэзээ хэзээнээс илүү хүчтэй байгаа. Нөгөө талаас Монгол хүн ямар байх ёстой юм бэ? Монголын хөгжлийн философиор монголын хүн нь хүчтэй байх юм бол Монгол хүчтэй байна, Монгол үндэстэн хүчтэй байна гэж би боддог. Монгол хүн эрхтэй байх ёстой. Монгол хүн хүчтэй байх ёстой. Монгол хүн шийдвэр гаргаж чаддаг байх ёстой. Монгол хүн дэлхийн хаана ч очоод үнэлэгддэг боломжтой байх ёстой. Ингэх юм бол Монгол Улс хүчтэй байх болно. Манай хөгжлийн философи үүгээрээ өөр.
Та бүхэн далайн од гээд амьтныг мэднэ дээ. Түүний нэг талыг таслахаар тэр нь нөхөж ургаад зогсохгүй нөгөө таслагдсан жижиг хэсэг нь хүртэл дахин нэг далайн од болж ургадаг байна. Таван жигүүрийг нь таслахад таван далайн од болж ургадаг байх нь. Төв мэдрэлийн систем энэ далайн одын бүх биед нь тарж байрласан юм байна гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Монгол Улс бол сайн Ерөнхийлөгчтэй ч юмуу, хүчтэй даргатай байгаад тийм ч өөр болчихгүй байх гэж би боддог. Харин боловсрол, сайн сайхан, эрүүл мэнд гээд тэр өөр болох хүч Монгол хүнд өөрт нь байх ёстой.Ингэх юм бол Монгол босч ирнэ, хөгжинө. Аюулгүй байдал хангагдана.
Их сургууль яаж баян болох вэ, яаж босох вэ гэж та нар асуусан. Тэгэхээр ашгаа хувь хүнд хуваах юм бол тэр ашгийн байгууллага болно. Энэ бол боловсролын байгууллагын зорилго биш. Тийм биз дээ? Тэр бол хувийн компани гэсэн үг. Хувийн сургууль гэхэд л зарлагаа орлогоороо санхүүжүүлж илүү гарсан мөнгөө сургуульдаа, судалгаандаа зориулдаг. Ийм л зарчим үйлчилдэг.
Таны хийж байгаа нэг судалгаа үйлдвэрлэл, эсвэл компани болоод гарлаа гэж бодъё. Тэндээс л та ашиг авч оюуны баталгаагаа бий болго. Та тэндээсээ санхүүжих боломжтой. Дэлхийд нэг ийм сургууль байдаг. Багш, оюутан, судлаачдынх нь нээлтээс 30000 шинэ бизнес бий болгосон. Тэр нь хоёр их наяд ам.доллар болж байна. Гурван сая хүнийг ажлын байраар хангаж байна. Монгол Улс хэдэн хүнтэй билээ? Яг ийм боломж байна. Жишээ нь, надад танилцуулсан нано даавуу байна. Галд шатдаггүй, усанд нордоггүй, наранд ганддаггүй. Одоо үүнийг хурдан хувийн хэвшилтэй холбоод үйлдвэрлэл болгоод монгол хонины ноостой холиод даавуу хийх хэрэгтэй. Манайд нэг дутагдал байдаг. Мөнгө нэхдэг, мөнгөөр орон тоо санхүүжүүлээд байдаг. Мөнгөө нэмэхээр орон тоогоо нэмчихдэг. Байшин санхүүжүүлдэг. Шинжлэх ухаан, боловсролын төв бол байшин сав биш, бүтээл, судалгаа санхүүжүүлдэг юм. Танай сургууль нэг туршилт хийгээсэй гэж би хүсч байна. Долоо хоногийн, сарын нэг өдрийг хөтөлбөртөө хамруулахгүй байж болно. Тэр өдрөө оюутнуудаа суулгаад асуудлаа шийд.
Та нар асуудал хайгаад яваад байв даа. Улаанбаатар хотын удирдлага дээр яваад очиход л дүүрэн асуудал байгаа. Түүнийг санхүүжүүлэх гээд төсвийн мөнгө өгчихсөн байгаа. Энэ асуудлыг ингээд шийдчихэж болох юм байна. Та төсвийн мөнгөнөөсөө манай сургуульд өгөх үү, хамтраад ажиллая гэж хэл. Аж ахуйн нэгж рүү яваад оч. Бүгд мөнгө байхгүй, яаж бизнесээ хийх вэ, дампуурлаа гээд сууж байгаа. Танай бизнес, санхүү ийм зүйл дээрээ алдсан байна. Бид засаж өгье гэж хэл. Ингээд болохгүй бол сургууль дээр чинь түмэн асуудал байгаа. Оюутнуудаараа шийдүүлэх гээд үз.
Бид нар чулуунд бүдэрсэн ч төрөө харааж байдаг шүү дээ. Bottom of FormБүдэрсэн чулуугаа бол хардаггүй. Дээшээ л хараад байдаг. Ийм сэтгэхүйтэй учраас асуудал шийдэж сураагүй. Яг үнэндээ цаас гаргаад, ширээ тойрч суугаад ямар асуудал байна, ямар хүндрэл байна, түүнийгээ дээр нь бичээд, шийдэх гээд олуулаа суугаад ярилцахад шийдэл ямар ойрхон байгааг нэг хар даа. Ямар учраас улс орнууд боловсролоороо тэргүүлээд байдаг юм бэ? Багаас нь, цэцэрлэгт байхаас нь, дунд сургуульд байхаас нь асуудал шийдүүлж сургадаг. Гэрт чинь ямар юм бий болов. Ямар хүндрэл гарав. Хүрээд ир, үүнийгээ сургууль дээрээ ярья, шийдьe л дээ.
Хүнээр асуудал шийдүүлж сурга. Оюутнаараа асуудал шийдүүлж сурга. Асуудалгүй орон байтугай тийм сургууль ч байхгүй. Оюутанд хүртэл өөрт нь тийм асуудал бий. Чи өөрийнхөө асуудлыг хэл, чамд зовлон байвал жагсаагаад бич. Жагсааж бичиж байтал нэг багш намайг үнэхээр сайн сураад байхад дандаа муу дүн тавиад байгаа нь тэр оюутны хамгийн том асуудал байж магадгүй шүү дээ. Үүнийг яаж өөрчлөх вэ. Хэдүүлээ суугаад шийдье л дээ. Боловсролын яам юм уу, Их Хурал үүнийг чинь шийдэж өгөхгүй шүү дээ. Харин эндээ суугаад шийдэж болно. Би ажилд хүн авах гэж байна гэж бодъё.
-Чи ямар хүн бэ?
-Аа би нэг том дипломтай хүн.
-За сайхан дипломтай юм.
-Дипломтай хүн ч орчлонгоор их дээ. Чи ямар зан араншинтай вэ?
-Би жаахан ширүүн зан характертай, өчигдөр багштайгаа хэрэлдчихээд ирлээ гэнэ шүү дээ.
Түүнийг ажилд авах юм бол нэг хэрүүлч авах нь байна шүү дээ. Манайхан “Би шударга хүн байгаа юм” гэж хэлнэ. Түүний оронд надад шударга биш хүн хэрэгтэй байна. Түүний оронд манай үйлдвэрийг, манай бүтээгдэхүүнийг өөд татах, манай байгууллагад өнгө нэмэх хүн би ажилд авмаар байгаа шүү дээ. Тийм хүмүүсийг бид эндээ бэлдэж байх ёстой.
Суралцана гэдэг бол мэдлэг бүтээх үйл явц
Суралцана гэдэг бол мэдлэг бүтээх үйл явц. Мэдлэг нь өөрөө хөгжлийн суурь болдог. Мэдлэг нь хэдийд баялаг болж байна гэж үзэхээр тэр мэдлэгийг хуваалцаад ирэх юм бол баялаг болж байгаа юм. Ер нь хүүхэд, оюутан гэдэг бол ургаж байгаа хүн, хүүхдийг ургаж байгаа хүн гэж бодох хэрэгтэй. Ямар учраас хүмүүс багшдаа мөргөдөг юм бэ. Ямар учраас бидний өвөг дээдэс номд мөргөмү, багшид мөргөмү, ламд мөргөмү гэж сургадаг вэ. Яагаад гэвэл тэр хүүхдийг хэн болгохыг багш шийдэж байгаа юм. Тэр хүүхдийг ямар усаар услахыг багш та шийдэж байна шүү дээ. Ийм агуу хариуцлага багш гэдэг хүний гарт байгаа юм. Хүүхэд ямар хүн болсон нь миний сайных биш, багшийн сайных гэж ярьдаг. Монголчууд ийм гайхамшигтай философитой, багшийг, оюуныг хүндэтгэдэг ийм улсууд. Тийм учраас шавиа хүндэтгэх, шавиа сайн хүн болгохын тулд яах вэ гэдгээ бид үнэхээр нэг сайн бодох ёстой.
Улсын хөгжлийн суурь нь оюун ухаан юм
Оюутнууд бол цүнх биш шүү дээ, бичсэн номоо аваачиж хийж байдаг цүнх биш. Оюутнуудыг цүнх гэж харж болохгүй. Оюутнуудыг ургаж байгаа бүтээлч хүн, хэн ч байж магадгүй гэж харах хэрэгтэй. Маргааш, нөгөөдөр, арван жилийн дараа энэ хүн хэн ч болж магадгүй. Ямар ч мундаг нээлт хийж магадгүй, ямар ч мундаг хүн болж гарч ирж магадгүй гэдгийг л олж харах хэрэгтэй. Улсын хөгжлийн суурь нь оюун ухаан юм. Энэ оюун ухаанаа хөгжүүлье. Боловсрол яагаад оюун ухааны хөгжлийн суурь болж байна гээд аваад үзэхэд үнэ нь хэзээ ч унадаггүй юм байна. Дандаа л ханш нь чанга байж байдаг. Дандаа чангараад байдаг юм байна шүү дээ, боловсролын ханш. Сайн боловсролын ханш чанга байдаг. Тэгэхээр газар дор байгаа шавхагддаг баялгаа газар дээрх шавхагддаггүй баялаг болгоё. Ингэхийн тулд газар доороос олж байгаа мөнгөө газар дээр бий болгох гэж байгаа шавхагддаггүй баялаг руугаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Дэлхий өнөөдөр ямар асуудалтай тулгарч байна вэ? Өнөөдөр дэлхий хоёр асуудалтай тулгарч байна. Хамгийн түрүүн хязгаарлагдмал нөөц байна. Дээрээс нь амьдралын орчин маш их аюултай болж байна. Нөгөө талд нь ямар шийдэл байна вэ? Илүү мэдээлэл, илүү технологи байна. Илүү мэдээлэл, илүү технологио ашиглаж чадах юм бол дэлхий нийтэд асуудлаа шийдэх боломж байна.
Өнөөдөр Ерөнхийлөгч лекц уншлаа. Гадуур ам.долларын ханш ингэлээ, амьдрал дордож байна гээд л яриад байна. Би түрүүн төгрөгийн тухай ярьсан, өнөөдөр төгрөгөө шингээгээд авах үйлдвэр алга байна шүү дээ. Бараа нь алга, үйлдвэрлэж байгаа юм нь цөөхөн байна. Төгрөг шингээчих хөрөнгө оруулалт алга байна шүү дээ. Төгрөг шингээчих хөрөнгө оруулалт алга байна шүү дээ гээд ярьж байгаа.
Компаниуд зээл авахдаа “Манайх ийм бүтээгдэхүүн худалдах гэж байна. Бид зээл аваад ийм юм санхүүжүүлнэ” гэдэг шүү дээ. Бид зөв юм руугаа хөрөнгөө хийж сурах хэрэгтэй. “Энэ байгалийн баялгаа ашиглаж бид яах гээд байгаа юм. Хөрөнгө оруулалт ямар учраас хэрэгтэй байгаа юм” гэж асуудаг. Эндээс гарч ирж байгаа хөрөнгөө бид эргүүлээд хүн рүү хийж, эргүүлээд хотхоноо байгуулах, нөгөө кластераа байгуулах гэж байгаа юм. Эндээс бид шинэ баялаг ургуулж авах гэж байгаа юм. Ингэвэл хүмүүс дэмжинэ. Харин УИХ-ын хэдэн гишүүн хувааж авах гээд байна гэсэн ойлголттой байгаад байвал энэ асуудал явахгүй.
Тэгэхээр үүнийг төрийн төргүүнээсээ эхлээд зөв ойлгож авах хэрэгтэй. Үнэхээр баялаг байвал бид хурдан дэд бүтэц рүүгээ, цахилгаан станц руугаа хийгээд,улсынхаа эдийн засгийг хэд дахин нугалаад, тэндээс орж ирж байгаа мөнгөөр санхүүжилтийнхээ асуудлыг шийдээд шинэ мэдлэг, шинэ бүтээл, үйлдвэр бий болгоод цаашаа босоод ирмээр байна шүү дээ.
Зөвхөн Монгол хонины ноос, ямааны ноолуураар утас хийдэг үйлдвэрийг тойроод бүхэл бүтэн хот байж болно. Аливаа зүйлд нүдийг нь олсон шийдэл байдаг юм. Ээрмэлийн үйлдвэр байгуулаад утас хийх юм бол Монголд 10 мянган ажлын байр шинээр бий болно. Тэр ээрмэлийн машинуудыг гэртээ тавиад ноолууран цамц үйлдвэрлээд байх хүмүүс зөндөө байна. Үүнийг аваад ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг компаниуд олон бий. Ингээд зөвхөн утасны нэг үйлдвэрийг дагаад бүхэл бүтэн хот бий болгож болно.
Үүнд бид газраа бэлдээд, хөрөнгөө гаргаад, дэд бүтцийг нь шийдээд, хүүхдийнх нь сургууль эмнэлгийг бариад өгвөл босоод ирнэ. Манайхны хамгийн гол нэг зүйл бол шинжлэх ухаанаа мартдаг. Тэдгээрийн хажууд нь лаборатори заавал байх ёстой. Утсыг сайжруулж, нано гэх мэт технологийг нэвтрүүлдэг дэлхийн хамгийн шилдэг лаборатори хажууд нь байх ёстой. Ямааны эсийг хүр хорхойн эстэй нийлүүлж, төрсөн ишигнийх нь сүүгээр торгоны утас хийгээд сууж байгаа хүний тухай “Science” телевизээр харж байсан. Америкийн энгийн нэгэн фермер үүнийг хийгээд сууж байна шүү дээ. Үнэхээр сайн чанарын утас гаргаж ирсэн байдаг. Яг ийм шинжлэх ухааныг тэр ээрмэлийн үйлдвэрийн хажууд байгуулах хэрэгтэй.
Өнөөдөр арьс ширийг хамгийн чанартай боловсруулах үйлдвэр, дэд бүтцийг байгуулахад уул уурхай гэх мэт хэл амтай салбараас хамааралгүй хөгжих боломж бий. Гэхдээ бидэнд мөнгө, энэ бүхнийг ойлгодог монгол оюун ухаан, чадавхи хэрэгтэй байна. Хамгийн гол асуудал бол хүний нөөц. Энэ бүгд бидэнд хэрэгтэй байгаа юм. Үүний төлөө бид хамтран ажиллая.
Би энэ тоог хэлэхээс бага зэрэг санаа зовдог. Монголын экспортын бүтээгдэхүүний 98 хувийг уул уурхайн түүхий эд бүрдүүлдэг. Энэ тоог бууруулах юмсан гэж би боддог. Ирээдүйд энэ тоо 20, 40 хувь болох ёстой. Харин та бүхний бүтээсэн Монголын шинэ технологи, эм тариа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, Монголын хөрсөнд тарьж ургуулсан тэр бүтээгдэхүүн, тэр экспортын ихэнх хувийг эзлээсэй. Дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах үүргийг Монгол Улс хүлээвэл сайн байна гэж өчигдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал хэлсэн. Ийм боломж бий. Энд шинжлэх ухаан хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн юм.
Монголын очих газар бол дэлхийн хараатай хөгжил юм
Монгол хүн очих газраа бодож морио барьдгийг та бүхэн мэднэ. Монголын очих газар бол дэлхийн хараатай хөгжил юм. Одоо бид тэгэхээр ямар морь барих хэрэгтэй вэ? Бид дэлхийн хэмжээнд хатирах морь барих хэрэгтэй байна. Тэгэхээр биднийг авч явах зүйл бол Монгол оюун ухаан, шинжлэх ухаан, монгол хүмүүс юм. Арчаагүй улс сайн яваа нэгнээ мөлжиж амьдардаг. Харин арчаатай нь бусдын хүч, нөөц мэдлэгийг ашиглаж амьдардаг. Айл гэрийн хувьд ч ялгаагүй, бизнес хийдэг нэгэн байдаг шүү дээ. “Энэ муу хүүгээ л бид тал талаас нь мөлжих юм даа” гэж ээж нь үглээд сууж байдаг шүү дээ. Уг нь бүгд тийм байх ёстой. Арчаатай хүн бол тэр хүний нөөц, хүч, мэдлэг, баялгийг ашиглаж амьдардаг. Монголчуудад хүнээс гуйхааргүй тийм сайхан баялаг, нөөц бий.
Аливаа хүн хоёр замаар амьдардаг. Хүн нэг бол жолооч эсвэл зорчигч байдаг. Энэ хоёр замаар зэрэг явж болохгүй. Тиймээс аль замаар явах нь таны сонголт.
Их баярлалаа.