УИХ-аар ямар хууль хэлэлцэх, боловсруулах, улс орны асуудалд хэрхэн хандах гээд спикерт бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүн нь түүний зөвлөхүүд. Хууль тогтоох дээд байгууллага парламентын тэргүүний зөвлөх байна гэдэг хариуцлагатай албан тушаал юм. Тэр тусмаа тууштай, аливаад зарчим ч, асуудалд баримттай нухацтай ханддаг З.Энхболд спикерийн зөвлөх болж, түүнд тоогдоно гэдэг тийм ч амаргүй болов уу. УИХ-ын даргын ажлын алба нь найман хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дөрвөн зөвлөхтэй. Улс төр, хууль зүй, эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөх тус бүр нэг бий. Ахлах зөвлөхөөр С.Ламбаа, Эдийн засаг, нийгэмийн бодлого хариуцсан зөвлөхөөр З.Нарантуяа, Иргэний нийгэм, олон нийт хариуцсан зөвлөхөөр Ц.Буянцогтоо, Хуулийн бодлогын зөвлөхөөр Н.Лувсанжав нар томилогдон ажиллаж байна. УИХ-ын даргын зөвлөхүүдийн талаар сонирхуулья.
Туршлагатай зөвлөх
УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа. 1996 онд “Ардчилсан холбоо” эвслээс, 2004 онд “Эх орон-Ардчилал” эвслээс, 2008 онд Ардчилсан намаас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон туршлагатай улс төрч юм. Хамтарсан Засгийн газрын үед, 2008-2012 онуудад Эрүүл мэндийн сайдын албыг давхар хашиж байв. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд өөрөө сайн дураар өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн гэдэг юм билээ. Улс төрд сүүлийн 20-иод жил төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн ч, даруухан амьдарч байгаа нь өнөөдөр юм. С.Ламбаа 2000 онд таван нам нэгдэж Ардчилсан нам байгуулагдахад намынхаа олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байв. Иймээс төрийн алба, улс төрийн арвин туршлагатай түүнийг З.Энхболд ахлах зөвлөхөөр сонгосон болов уу. Түүнийг Архангай аймгийн Засаг даргаар томилогдож магадгүй гэх мэдээлэл цацагдаж байсан ч парламентад зөвлөх үүрэг гүйцэтгэх нь түүнд илүүтэй санагдсан биз ээ.
Хобби нэгтэй зөвлөх
УИХ-ын дарга З.Энхболдын нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо. Түүнийг тэр бүр танихгүй. Улс төрийн хүрээнд ч танигдаагүй, даруухан нэгэн юм билээ. Тэрбээр энэ албанд томилогдохоосоо өмнө Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Програм хангамж, мэдээллийн технологийн мэргэжилтэй энэ эрхэм товчхондоо З.Энхболдтой хоббий нэгтэй гэж хэлж байна. Тэрбээр З.Энхболдтой мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллаж иржээ. Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр 2009-2011 онуудад ажиллаж байжээ. Зөвлөх Ц.Буянцогтоо Японы Хоккайдогийн их сургуулийг мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, мэргэжлийн чиглэлээрээ Япон, Америкийн зах зээл дээр олон жил ажилласан туршлагатай нэгэн гэнэ. Иймд З.Энхболдод “тоогдсон” ажээ. Ц.Буянцогтоо нь Монголд өндөр технологийн салбарыг хөгжүүлэх талаар олон жил идэвхтэй ажиллаж Монголын Цахиурт хөндий байгуулах төслийг санаачилж, ажлын хэсэгт багтаж байжээ. Мөн боловсролын салбар, мэдээлэл технологийн шинэчлэлд олон ажил санаачилсан хүн гэж салбарынхан нь дүгнэдэг юм байна. Тэрбээр Цахим өртөө дээд сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд “USI” компанийн захирлаар ажилладаг байна. З.Энхболд дарга өөрийн “Шонхор” фракцийн хүнээ зөвлөхөөр сонгосон нь энэ юм.
З.Нарантуяа
Эдийн засаг, нийгэмийн бодлого хариуцсан зөвлөх З.Нарантуяа. Тэрбээр “Монгол шуудан” банкны дэд захирал, Монголбанкинд хэлтэсийн дарга гээд хариуцлагатай албан тушаал хашиж байжээ. Санхүү, эдийн засгийн салбарт багагүй танигдсан нэгэн. Иймээс УИХ-ын дарга эдийн засгийн мэдлэгэтэй түүнийг дэргэдээ зөвлөхөөрөө авсан гэж ойлгогдож байгаа. УИХ-ын 2008 оны сонгуулиар Завхан аймагт нэр дэвшиж байсан ч өвдөг шороодсон. Мөн УИХ-ын 2012 оны сонгуульд намын жагсаалтаар өрсөлдсөн ч /19-т бичигдсэн/ сонгогдоогүй. Иймд сонгуулийн од муутай нэгэн гэх юм билээ. УИХ-ын сонгуулиас хойш ямар нэг албан тушаалд очоогүй байсан ч саяханаас З.Энхболдын зөвлөхөөр ажиллах болсон юм. З.Нарантуяа нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр ажилладаг байна. Төв банкинд олон жил удирдах ажил хийхдээ монголын санхүүгийн салбарыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр мэргэшсэн нэгэн ажээ.
Содон зөвлөх
Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан Н.Лувсанжавыг УИХ-ын дарга зөвлөхөөрөө ажлуулах болсон. Төрийн ордонд түүнд өрөө гаргаж өгч, албан тушаалыг нь баталгаажуулсан ч тэр бүр мэдээгүй байгаа юм. Сэм сонсох нь ээ тэрбээр хуулийн бодлогын зөвлөхөөр томилогджээ. Н.Лувсанжав СЕХ-ны даргаар ажиллаж байгаад 2012 оны аравдугаар сард ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч байв. Ажлаа өгөх болсон шалтгаанаа “СЕХ-ны ажил их, ачаалал өндөртэй байна. Биеэ эмчлүүлэх ч шаардлага гарлаа” гэсэн тайлбар өгч байлаа. Энэ тайлбарыг сонссон сөрөг хүчнийхэн “УИХ-ын дарга З.Энхболдын шахалтаар Н.Лувсанжав ажлаа өглөө” гэж байсан. Гэвч өнөөдөр тэрбээр өөрийг нь ажлаас нь чөлөөлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн гэх УИХ-ын даргын зөвлөх болов. Үүнийг зарим нэг нь анхнаасаа тохиролцоо байсан гэж хардаж буй. Н.Лувсанжав МАН-ын угшилтай нэгэн. З.Энхболд 2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Н.Лувсанжавыг АТГ-т шалгуулах талаар мэдэгдэж байлаа. Гэвч өнөөдөр өөрийнхөө зөвлөхөөр сонгосон нь сонин тохиолдол юм. Сөрөг хүчний хүн тэрбээр тун содон зөвлөх болоод байна.
Т.Амартүвшин
Улс төрийн тойм сонин