Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. Иймд 2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарлажээ.
Үүнтэй холбогдуулан логоны загвар шалгаруулах уралдааныг Гадаад харилцааны яамнаас зарлаж байна. Шалгарсан логог “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил”-ийн үеэр зохион байгуулах улс төр, соёл, урлаг, хүмүүнлэгийн бүхий л үйл ажиллагаанд сурталчилгааны хэлбэрээр хэрэглэх юм.
Лого нь Монгол, Хятадын найрсаг харилцааг дүрслэн үзүүлсэн, ойлгоход хялбар, зар сурталчилгаанд ашиглахад тохиромжтой загвар, хэв маягтай байх шаардлагатай гэнэ.
Манай улсын их, дээд сургуулийн компьютер график болон дизайны чиглэлээр суралцаж буй оюутан, магистрант болон энэ чиглэлээр ажилладаг уран бүтээлчид уралдаанд оролцох боломжтой юм байна.
Мөн лого нь Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдалыг бэлгэдсэн утгыг илэрхийлсэн байх юм.