“Оюутолгойн” үнэ цэнийн бууралт нь 4.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна

index“Оюутолгойн” гүний уурхайн хөрөнгө оруулалт хойшлогдож байгаагаас үүдэж үнэ цэнийн бууралт нь 4.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа талаар “Рио Тинто” компани санхүүгийн тайландаа дурдсан байна. Үүнээс 1.1 тэрбум ам.доллар нь тус компанийн үнэлгээнд хамаарч байгаа бол 3.6 тэрбум ам.доллар нь үл хөдлөх хөрөнгө, үйлдвэр, тоног төхөөрөмж зэрэгт ногдох үнэ цэнийн бууралт юм байна.

Үүнээс гадна “Оюутолгойн” гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ойрын 12 сарын хугацаанд эхлүүлэхгүй бол дахин 800 сая ам.долларын үнэ цэнийн бууралт үүсч магадгүй гэж “Рио Тинто” компаниас мэдээллээ. Түүнчлэн “Оюутолгойн” үнэ цэнийн өөрчлөлтөд алт, зэсийн үнийн урт хугацааны хэтийн төлөв, үйл ажиллагааны зардал, төгрөгийн юань, ам.доллартай харьцах ханшийн нөлөөлөл байж болно гэж үзсэн байна.

“Оюутолгойн” ил уурхайн хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэнтэй холбогдуулж гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны наймдугаар сараас зогсоод байна. Үүнтэй холбогдуулан “Оюу толгойн” 1700 ажилтан зогсолт хийсэн талаар “Рио Тинто” компаниас мэдээлж байсан юм. Одоогийн байдлаар “Рио Тинто”, “Turquoise Hill” компани болон Монгол Улсын Засгийн газрын хооронд хэлэлцээр үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр “Рио Тинто” компанийн төлөөлөл Монгол Улсад ирж хэлэлцээр хийх гэж байгаа талаар “Эрдэнэс Оюу Толгой” компанийн дэд захирал Д.Даваадорж мэдээлжээ. 

 

Д.Амар

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …