Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн захирал Э.Алтаншагайгаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны асуудлаар дараах тодруулгыг авлаа.
-Танай төвөөс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой асуудлаар иргэдээс санал гомдол авч байгаа гэсэн. Иргэд ихэвчлэн ямар гомдол, санал ирүүлж байна вэ?
-2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Монгол Улсын нийт иргэдийн 50-иас илүү хувь нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцаагаа нэг сая төгрөг болгон авах санлыг өгсөн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ингээд өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 2011, 2012 оны үед оюутан байсан иргэд бэлэн мөнгөө авчихсан.
Ийнхүү бэлэн мөнгө авах саналаа өгсөн бусад иргэдийн хувьд аль аль нь байхгүй сууж байна. Тэд Засгийн газраас бэлэн мөнгө өгч чадахгүй юм бол хувьцаагаа авъя гэсэн саналыг маш их ирүүлж байгаа.
Манай төвийн зүгээс тэдгээр иргэдийн саналыг хүлээж аваад нэгдүгээр сарын 8-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягт хувьцаагаа буцаан авах хүсэлтэй 528 хүний саналыг хүргүүлсэн юм. Хариу нь энэ сарын 13-нд ирсэн.
-Ямар хариу ирсэн бэ. Бэлэн мөнгө авахаар санал өгсөн хүмүүст хувьцаагаа буцаан авах боломж байна уу?
-Засгийн газрын зүгээс энэ асуудлыг шууд “Эрдэнэс Тавантолгой компанид шилжүүлсэн байдаг. Харин “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа буцааж авах сонирхолтой иргэдэд буцаан ологох боломжтой гэсэн хариу өгсөн.
Одоо 300 мянган иргэн нэг сая төгрөгөө авсан байгаа. Нэг сая иргэн хувьцаагаа авна гээд Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлчихсэн байна. Үлдэж буй 1.5 сая иргэн нь нэг сая төгрөг ч үгүй, хувьцаа ч үгүй байгаа. Эдгээр иргэдийн асуудлыг нэг тийш нь болгож өгөөч ээ гэдэг саналыг даваа гарагт /өнөөдөр/ “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн удирдлагуудад хүргүүлнэ.
-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гадаад зах зээл дээр гаргаснаар иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа үнэ цэнэтэй болно гэж байгаа. Гэхдээ “Чалко”-гийн өртэй холбоотойгоор уягдаад байгаа шүү дээ. Иргэдийн хувьцаа хэзээ үнэ цэнтэй болох боломжтой вэ?
-“Чалко”-гийн өр бол энэ компанийн хувьд өчүүхэн зүйл. Энэхүү өрийг ирэх зургаадугаар сард багтаан төлж дуусна гэдгийг Уул уурхайн яамнаас мэдээлж байсан. Тэгэхээр иргэд хувьцаагаа эзэмшихдээ бэлдэх хэрэгтэй. Хүн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанид сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 1072 ширхэг хувьцаа авчихсан. Монголын 2.8 сая иргэн энэ компанийн дөнгөж 20-хон хувийг эзэлж байгаа. Ирээдүйд 2016 оноос IPO хийгээд 30 хувийг нь олон улсын хөрөнгө оруулагчдад зарна гэсэн хүлээлт байна.
-Иргэдийн хувьцаа ирэх жилүүдэд үнэ цэнтэй болно. Гэтэл иргэдийн хувьцааны талаарх мэдлэг маш дутмаг байгаа. Тиймээс Хөрөнгө оруулалтын сан байгуулаад түүндээ иргэдийн хувьцааг төвлөрүүлж, удирдаж, ашиг хүртээх талаар ярьж байгаа. Энэ хэр тохиромжтой хувилбар вэ?
-Хөрөнгө оруулалтын сан байгуулаад иргэдийнхээ хувьцааг төвлөрүүлээд хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд удирдаад өсгөчихнө гэдэг. Энэ гаргалгаа зөв ч хэрэгжилт нь асуудалтай байх магадлалтай. Яагаад гэвэл Хөрөнгө оруулалтын санг өмнө нь цэнхэр яагаан тасалбарын үед байгуулж байсан. Тухайн үед Хөрөнгө оруулалтын санд цэнхэр ягаан тасалбараа өгчихсөн, өнөөдөр үр ашгаа хүртээгүй иргэд олон байна.
-Ер нь ямар байдлаар иргэдийг оролцуулж, дахин цэнхэр, ягаан тасалбар шиг хохироохгүй, эрх ашгийг нь хамгаалах вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олгох шийдвэр гарснаас хойш шинээр 350 мянган иргэн үнэт цаасны дансаа нээлгээд хувьцаагаа авсан байгаа. Хуучин 447 мянган иргэн цэнхэр, яагаан тасалбараараа хувьцаат компанийн хувьцааг авсан хүмүүс байдаг. Харамсалтай нь тэдгээр иргэд хувьцаа эзэмшигч гэдгээ мартчихсан байдаг. Хувьцаа эзэмшигчийнхээ хуралд суудаггүй. Ногдол ашиг өгч байна уу, үгүй юу гэдгээ мэдэхгүй 20 гаруй жил болсон хүмүүс байна.
Тэгэхээр эхний ээлжинд иргэд маань “би хувьцаа эзэмшигч мөн үү, үгүй юу” гэдгээ мэргэжлийн байгууллагуудад хандаж мэдэх хэрэгтэй. Тэндээс л үнэт, цаас, хувьцааны талаарх иргэдийн ойлголт эхэлнэ дээ.