Каритас Чех Олон Улсын байгууллага Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Монгол орны алслагдсан бүс нутаг дахь эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” төслийг 2011-2013 онд хэрэгжүүлсэн.
Каритас Чех ОУБ нь хүмүүнлэгийн болон хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч Бүгд Найрамдах Чех Улсын томоохон ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага юм. Тус байгууллага нь 2006 оноос Монгол Улсад нийгмийн ажил, сургуулийн өмнөх боловсрол, хөдөө аж ахуй, малчдын амьжиргаа, малчдын боловсрол, мэргэжлийн боловсрол, зудыг нөхөн сэргээх, эрүүл мэнд, байгаль орчин, хүний эрхийн чиглэлээр богино болон урт хугацааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.
Дээрхи төслийг хөдөөгийн багийн нүүдлийн гэр эмнэлгийг тохижуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулснаар алслагдсан нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах зорилготойгоор хэрэгжүүлсэн юм.
Төслийн хүрээнд хийгдсэн гол үйл ажиллагаа:
1. Төсөл хэрэгжих хугацаанд хөдөөгийн 23 сумын, 38 багт нүүдлийн гэр эмнэлгийг шаардлагатай эмнэлгийн болон эмнэлгийн бус төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулж, нэн шаардлагатай зарим төрлийн эм, оношлуураар хангасан.
2. 7 сумын Эрүүл мэндийн төвд ЭХО аппарат олгосон.
3. Аймгийн 114 багийн эмчийг “Нярай болон бага насны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чадавх, зүрх судас болон бөөр шээсний замын өвчин” сэдэвт 3 өдрийн хөтөлбөрт сургалт, “НЭМ-ийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах багийн эмчийг чадавхжуулах нь” сэдэвт 2 өдрийн сургалт, Олон нийтэд суурилсан ХӨЦМ-ийн 5 өдрийн хөтөлбөрт сургалтаар чадавхжуулсан.
4. Төсөл хэрэгжих хугацаанд нийт 65000 (жаран таван мянга) хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэсэн байна.
5. 2012 онд “Төрийн цогц үйлчилгээг багт хүргэх” арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотоос дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, чих хамар хоолой, арьс харшил, шүдний эмчийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нүүдлийн гэр эмнэлгийг түшиглэн малчдад хүргэсэн. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт 9577 хүн хамрагдсан.
6. Мөн төсөл хэрэгжих хугацаанд санхүүжүүлэгч байгууллагаас 7 удаагийн хяналт, үнэлгээг зохион байгуулсан.
Төслийн нийт санхүүжилт: 352000 ам.доллар (2011, 2012, 2013 оны нийт санхүүжилт)
Төслийн ач холбогдол, үр дүн:
1. Хөдөөгийн 38 баг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан.
2. Багийн эмч нар багаж тоног, төхөөрөмжтэй ажиллах чадварт суралцсан.
3. Багийн эмч нарын артерийн даралт ихсэх, чихрийн шижин өвчнийг үнэлэх, хянах, эх хүүхдийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх мэдлэг, чадвар нэмэгдсэн.
4. Сумдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, 0-1 насны хүүхдийн эндэгдэл буурч, хүн амын нас бууралтын түвшин /10000 хүн амд/ өмнөх онтой харьцуулахад 6,22- 0,98 хүртэл проммилээр буурсан.
5. Яаралтай тусламжийн дуудлагын тоо сум бүрт дундажаар 20 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.
Завхан аймгийн Эрүүл мэндийн газар