Булган аймгийн Могод сумын иргэн Ц.Уранцэцэг “Эрүүл, аз жаргалтай байхын нууц” өгүүллээрээ ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газар, Токиогийн Технологийн Институтээс зарласан Ази Номхон далайн кино, өгүүллийн уралдаанд шалгарч тус институтээс олгож буй “Электрон ном уншигч”-ийн эзэн болж, ЮНЕСКО-Бангкокийн нэрэмжит шагнал хүртлээ.
Тэрбээр улсад 34 жил ажилласан бөгөөд 14 жил бага ангийн багш, түүнээс хойш 20 жил Боловсролын газрын Бага боловсролын мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
Түүний шагнал, сертификатыг гардуулах ёслол ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын байранд өнөөдөр боллоо. ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газраас ирсэн Боловсролын бодлого, шинэчлэлийн багийн ажилтан, хатагтай Барбара Трзмиэл шагналыг Ц.Уранцэцэгт гардуулав.
ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газар, Токиогийн Технологийн Институт хамтран Япон улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан, Технологийн Яамны дэмжлэгтэйгээр Ази Номхон далайн бүсийн багш, оюутан залуучуудын дунд “Ази Номхон далайн бүс нутгийн кино, өгүүллийн уралдаан”-ыг 2013 оны 8-12 дугаар сард зохион байгуулжээ.
19 улсаас нийт 198 материал хүлээн авчээ. Тэднээс Ц.Уранцэцэг В ангиллын ялагчаар тодорсноор ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн хоёр дахь монгол эмэгтэй болов.
Өмнө нь манай улсаас ЭХЭМҮТ-ийн судлаач, их эмч Д. Энхмаа “Жирэмсэн үеийн манас таталт” судалгааны ажлаараа 2012 оны “ЮНЕСКО-ЛОреал” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болж, 40 мянган ам.долларын тэтгэлэг хүртэж байв.
Уралдааны ангилал, шагнал болон ялагчдын тухай мэдээлэл:
“Видео/ Кино” А ангиллын ялагчид:( шагнал:видео камер)
- Мухамад Набил Фараби, Малайз улсын Сэтгэл зүйн нийгэмлэгийн групп “Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг нийгмээс анхаарах нь” видео
- Жон Гэйн, Филиппинулсын Manila British School, “Сурах хүч” видео
- Хикару Ивано төлөөлсөн Японы Шиманэ Чуо сургуулийн баг, “Бид чадна” видео
“Өгүүлэл”В ангиллын ялагчид: (шагнал:электрон ном уншигч)
- Монгол Улс, Цэнд-Аюушийн Уранцэцэг, “Эрүүл аз жаргалтай байхын нууц” өгүүлэл
- Зимбамбве улс, Каролин Лунга, “XXI зууны шүүмжит ур чадвар” өгүүлэл
- Филиппин улс, Галилео Кастилло, “Нексус” өгүүлэл
- Хятад улс, Лианг Ю, “ Бүгд багтсан: XXI зууныг эрэлхийлэх нь” өгүүлэл
- Малайз улс, Рэн Вэй Ип, “Сайхан амьдралын ур чадвар” өгүүлэл
- Энэтхэг улс, Сумитра Субиная, “Сайхан амьдралын ур чадвар” өгүүлэл
- Япон улс, Рие Хиракава төлөөлсөн Йокохама Ичигао сургууль, ”XXI зууны сургуулийн шинэчлэлт”