“Оюу Толгойн” гүний уурхайн санхүүжилтийг олгох хүсэлтэй 15 банкны зээлийн баталгааны хүчинтэй хугацаа гуравдугаар сарын 31-нд буюу өнөөдөр дуусна. Үүнтэй холбогдуулж “Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулагчдын нэг “Turquoise Hill Resources” компаниас “Хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр үр дүнтэй байгаа. Гэхдээ гүний уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулж, улмаар талууд үүнийг баталгаажуулахаас нааш санхүүжилтийн асуудлаар шийдэлд хүрэхгүй байж магадгүй” гэж мэдэгдээд байна.
Харин “Оюу Толгойн” гүний уурхайн ТЭЗҮ-ийг энэ оны эхний хагаст багтаан боловсруулна гэж “Rio Tinto” компаниас мэдээлж байсан юм. Энэ тохиолдолд далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудал дахин дөрвөн сараар хойшлогдоно гэж үзэж байгаагаа “Turquoise Hill Resources” компани онцлоод байна. Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Австрали, Канад, Германы экспортын зээлийн агентлагууд болон АНУ-ын “Экспорт, импортын” банкууд “Rio Tinto” компанид 4.2 тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргаж өгөөд байгаа юм.
Үүнээс гадна “HSBC”, “ING Bank”, “Sumitomo Mitsui” зэрэг банкууд зээлийн баталгаа гаргаж өгөөд байна. Эдгээрээс хамгийн том нь Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорациас гаргасан 1.4 тэрбум ам.долларын зээлийн баталгаа юм. Тус байгууллага “Бид Оюу Толгой төслийг өөрсдийн баталсан санхүүжилтээр дэмжихэд бэлэн байгаа” гэж онцлоод байна.
Харин “Rio Tinto” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш “Санхүүжилтэд хугацаа заах маягаар хэлэлцээрийг яаравчлуулахгүй” гэж өмнө нь мэдэгдэж байсан юм. Гэхдээ “Rio Tinto” компанийн зүгээс өнгөрсөн онд “Оюу Толгойн” үнэ цэнийн бууралт 4.7 тэрбум ам.доллараар хэмжигдсэн талаар санхүүгийн тайландаа дурджээ. Үүнээс гадна гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ойрын 12 сарын хугацаанд эхлүүлэхгүй бол үнэлгээ нь дахин 800 сая ам.доллараар буурч магадгүй гэж анхааруулсан байна.
Д.Амар