Улсын Их Хурлын гишүүн болон улс төр, бизнесийн хүрээнийхний өмнөөс зөвшөөрөлгүй “twitter” хаяг нээж жиргэх тохиолдол сүүлийн үед олширсон байна. Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы өмнөөс нэгэн иргэн зөвшөөрөлгүй “twitter” хуудас нээн жиргэж эхэлсэнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг санаа тавьж, таслан зогсоож байв. Улмаар Ардчилсан намын бүлгээс “УИХ-ын гишүүн Г.Баярсайханы нэрийн өмнөөс жиргэх нь хууль бус үйлдэл гэдгийг анхааруулж байна. “@G_Bayarsaikhan” хаяг нь УИХ-ын гишүүн Г.Баярсайханы твиттер хаяг биш болохыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэл гаргаж арга хэмжээ авч байлаа. Гэвч зөвшөөрөлгүй жиргээчид хаширсангүй, “Монгол алт” компанийн ерөнхийлөгч Б.Нямтайширыг мөн онилжээ. Б.Нямтайшир эрхэмийн өмнөөс жиргэх болсонд мөн л компанийнхан нь санаа зовж, бизнесийн нэр хүндэд нь нөлөөлж болзошгүй хэмээн болгоомжилж, мэдэгдэл гаргаад байна.
Ийнхүү нэр нөлөө бүхий улс төр, бизнесийн хүрээнийхнээр оролдож эхэлсэн нь зохион байгуулалттай үйлдэл байж болзошгүй ажээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээр ч мөн жиргээчид оролдож байсан удаатай. Хуурамч жиргээ үүсгэгчид нь жирийн нэгэн албан тушаалтан бус олонд танигдсан лидерүүдээр оролдож байгаа нь сонирхол татаж буй. Нийслэл хотыг удирдаж буй Э.Бат-Үүл баатар, Ардчилсан намын залуу лидерүүдийн нэг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, бизнесийн салбарт, тэр дундаа алт, уул уурхайн бизнест Монголын тэргүүн баячуудын нэг Б.Нямтайшираар оролдож эхэлсэн нь тохиолдлын зүйл биш болов уу. Ийнхүү бусдын өмнөөс жиргэж, хуурамч хаяг нээх болсон нь УИХ-ын сонгуулийн үеэр ашиглах, улс төрийн ямар нэгэн зорилго агуулж байж болзошгүй гэнэ. Зөвшөөрөлгүй жиргээчдийн дараагийн онилох эрхэм хэн байхыг харах үлдэж байна.