МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнөөдөр 11.00 цагт Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяаны асуудлаар тайлбар өгөх юм байна. Тодруулбал, Хууль зүйн дэд сайд Эрдэнэжамьяанд холбогдох шүүх хурал өчигдөр болж, түүнийг улстөрийн албан тушаал хаших эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль оноосон юм.
АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Хууль зүйн дэд сайдыг Интерполд захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн билээ. Тиймээс Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн гэж үзсэн байна.
Шүүхийн дээрх шийдвэртэй холбоотойгоор Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү гэсэн асуулт олны дунд байгаа билээ. Тиймээс энэ асуултад МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хариулт өгөх бололтой.