
Хэрэглэгчид шинэ “iPhone” гар утасны дэлгэцийн хэмжээ томорч 5.5 инч болж магадгүй гэсэн хүлээлттэй байсан ч энэ нь хойшилж, 4.7 инчийн дэлгэцтэй байж магадгүй байна. Хэдий тийм боловч энэ нь одоогийн “iPhone 5S” болон “5C” гар утасны дэлгэцээс 0.7 инчээр том байгаа юм. БНХАУ-ын нийгмийн сүлжээний “Weibo” сайтаар тархсан “iPhone 6” гар утасны хөгжүүлэлтийн зургуудыг “Apple”-ийн нийлүүлэгч “Foxconn Technologies”-ээс алдагдсан байж магадгүй гэж үзэж байна. Гэхдээ “Аpple” болон дэлгэц нийлүүлэгч компаниудаас шинэ гар утасны талаар ямар нэгэн мэдээлэл хийхээс татгалзлаа.
Үүнээс гадна “Apple” компани “iPhone”-ийн дэлгэц нийлүүлэгч “Renesas LCD” компанийн чип үйлдвэрлэлийн нэгжийг сонирхож эхэлсэн гэж “Nikkei” агентлагаас мэдээллээ. Тус компани “Renesas SP Drivers”-ийн 55 хувийг 50 тэрбум иенээр худалдан авахаар зорьж байж магадгүй байгаа ажээ. “Renesas SP Drivers” компани нь дэлхийн нийт жижиг болон дунд хэмжээтэй “LCD” дэлгэцний драйвер болон удирдлагын гуравны нэгийг үйлдвэрлэдэг байна.
Д.Амар