Чингис бондын мөнгөнөөс 200 сая ам.доллар гарч сайдын найз гэгдэх
Б.Батболдын гарт очсон
Сүр дуулиантайхан эхэлж байсан “Гудамж” төслийн ажил зогсох дээрээ тулжээ. Харин энэ асуудал эрх баригчдын дунд багагүй маргаан дагуулж эхлээд байгаа юм байна.
Тодруулбал Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Энэ жил хотын зам шинэчлэх ажилд бондын мөнгөнөөс нэг ч төгрөг гаргахгүй” гэж хэлсэн нь хотын захирагч Э.Бат-Үүлийн уурыг хүргэснээс үүдсэн аж.
Уг нь Чингис бондын хөрөнгөөр Нийслэлд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт бол “Гудамж” төсөл байсан. Эл үйл явдлыг зарим нэг улстөрчид “Бондын хөрөнгийг дураараа захиран зарцуулж суугаа Н.Батбаяраас болж төслийн ажил бараг зогсох юм шиг байна.
Уг нь Засгийн газрын 71 дүгээр тогтоолоор Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа томоохон дэд бүтцийн төслүүдийг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор “Гудамж” төслийг хэрэгжүүлж үүний хүрээнд Улаанбаатарын түгжрэл ихтэй 33 уулзварыг шинэчлэх, Туул голын дагуу 30, Сэлбэ голын дагуу 28 км хурдны зам байгуулахаар ажлаа эхлүүлсэн нь Шинэчлэлийн Засгийн газрын нүүрийг тахалж байгаа цорын ганц бүтээн байгуулалт юмсан” гэж байв.
Мөн зарим хүмүүсийн яриагаар бол “Гудамж” төсөлд иргэд ам сайтай байгаа ч энэ сайшаал магтаал Эдийн засгийн хөгжлийн яам руу биш, хотын удирдлагад ихэнхдээ хаяглагдаж байгаа гэнэ.
Тиймээс бондын хөрөнгийг их хэмжээгээр зарцуулсан нь өөрт нь улс төрийн нэмэх оноо авчрах биш хотын даргын рейтингийг өсгөхөд зориулагдаад байгаад сайд эгдүүцэж эхэлсэн гэж ярих хүмүүс ч байна.
Мэдээж энэ бүх үйл явдалд олон хүн эргэлзээд байгаа юм. Тухайлбал өнгөрсөн оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Засгийн газар 81 дүгээр тогтоолоороо “Гудамж” төслийг баталж, санхүүжилтийг нь шийдэж байсан.
Гэтэл ердөө сар хүрэхгүй хугацаанд “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 90 дүгээр тогтоол гарчээ. Уг тогтоолд худалдан авах ажиллагааны хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтаас 38 нэр төрлийн төсөл арга хэмжээг хасч, тендер шалгаруулахгүйгээр шууд гэрээгээр гүйцэтгэхээр заажээ.
Тиймээс дээрх хачирхалтай тогтооол гарснаас хойш төслийн ажлыг ах дүү амраг садан, найз нөхдөдөө шууд ногоон гэрлээр авч өгөх тендергүй төслийн эрх зүйн орчинг бүрдүүллээ гэж их л хэл ам гарч байсан.
Үүний дараа төсөлд ямар компани орж ажиллах тухай мэдээлэл ч тухайн үед хомс байсан ч төслийн ажлыг хэн гэдэг эрхэм авсныг бид төвөггүй олж мэдсэн. Мэдээж энэ бол сайдын ойр дотны хүн Б.Батболд.
Тэрбээр төслийн удирдагчаар ажиллаж байгаа учраас сайд энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд найздаа бондоос 200 сая ам.доллар зарцуулах эрхийг ногоон гэрлээр авч өгсөн гэсэн үг.
Үүнээс зөвхөн Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажлыг 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэдэг.
Тэгэхээр ийм олон тэрбум төгрөгийн ажлыг найздаа атгуулчихаад юу боллоо гэж энэ их мөнгөнөөс татгалзаж “Гудамж” төслийг зогсоох вэ дээ гэж хэлэх албаны хүмүүс ч байгаа юм.
Харин зарим эх сурвалжууд “Гудамж” төслийн 200 сая ам. доллар Э.Бат-Үүлийн мэдэлд очих ёстой байсан. Гэтэл Н.Батбаяр найзыгаа эрхлүүлсэн шигээ хотын даргын ажлыг булааж авчихаад нэг ч төгрөг бондын мөнгөнөөс гаргахгүй гэж хэлсэн нь сонирхолтой. Товчхондоо аль хэдийн Чингис бондын мөнгөнөөс 200 сая ам.доллар гарч сайдын найз гэгдэх Б.Батболдын гарт очсон.
Төслийг анхнаасаа Засгийн газрын бондын хөрөнгө, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдсэн байдаг.
Гэтэл эдийн засгийн хөгжлийн сайд Засгийн газрын тогтоолыг дур мэдэн зөрчиж ганц ч зоос хялайлгахгүй гэсэн шалтгаан нь юу юм бол. Ямартай ч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ жил хотынхонд зориулсан бүтээн байгуулалтанд ямар ч мөнгө гаргахгүй гэж аашилснаар шинэчлэлийн Засгийн газрын цорын ганц гэж тодорхойлж болохуйц бүтээн байгуулалтын томоохон ажил зогсох дээрээ тулаад байгаа нь эрх баригчдын дунд багагүй сандрал үүсгэжээ.
Үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд өөр бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх найдвар бага байхад явж байсан ганц ажлаа санхүүжүүлэхгүй зогсооно гэдэг байж боломгүй хэрэг гэж сайдыг буруутгаж байгаа хүмүүс ч нам дотор нь байгаа юм билээ. Сайдын энэхүү учир битүүлэг байдлаас болж “Гудамж төслийн ажил зогсох гэж үү.
Р.Саруул
Эх сурвалж: