ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эхнэр Людмилагаас салах болсныг өнгөрсөн оны зургадугаар сард оросын телевизийн шууд эфирээр олонд мэдэгдэж байсан билээ. Гэтэл тэдний гэрлэлт дөнгөж өчигдөр /IV.2/ хууль ёсоор цуцлагдсан болохыг Кремлийн төлөөлөгч мэдээлжээ. Ийнхүү ОХУ-ын төрийн тэргүүн 30 гаран жил ханилсан эхнэр, хоёр охиныхоо ээжээс албан ёсоор саллаа.
Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин удаан хугацааны нууц амраг Алина Кабаеватай хуримлана гэх яриа олны чих дэлсэх болжээ. Алдарт гимнастикч Алина Кабаева Путиныг гэрлэлтээ цуцлуудлахаас аль эрт 2008 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нэр холбогдох болсон билээ. Харин Владимир Путин тэдний талаар шуугисан сэтгүүлчдэд хувийн амьдралд нь хошуу дүрэхээ болихыг хатуу сануулж байжээ. Хамгийн сонирхолтой нь Алина Кабаева Путиныг Людмилатай гэрлэж байх үед буюу 1983 онд төрсөн аж.