Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

09_29_2Бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомт устаж, халдварын тархалт зогссон тул Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэрэх, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын нутагт тогтоосон хорио цээрийн онцгой дэглэм, Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан сумдын нутагт тогтоосон хязгаарлалтын дэглэм болон тус аймгуудын төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ өдрөөс цуцаллаа.

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт сумдад тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг орон нутгийн онцлогт тохируулан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зохих зэрэгт шилжүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга П.Ганхуягт даалгалаа.

Онцгой амжилт гаргасан шилдэг оюутанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг олгоно

Амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ болохуйц онцгой амжилт гаргасан шилдэг оюутанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”, нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг БСШУ-ы сайд Л.Гантөмөрт үүрэг болголоо.

Энэхүү тэтгэлэг нь бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, мэдлэг боловсрол, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилготой юм. Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд тус тусын онцлог шалгуур үзүүлэлттэй байх ажээ.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болох 1 сая 200 мянган төгрөгийг 30, Ерөнхий сайдын нэрэмжит 1 сая төгрөгийн тэтгэлгийг 40 хүртлэх суралцагчдад жилд хоёр удаа олгох юм байна.

Тэтгэлэгт хамрагдагсдын бүрдүүлэх материал, шалгаруулах шат дамжлагыг цөөрүүлж тухайн сургуулийн оюутны холбоо нь Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эхлэх газарт шилдэг оюутны материалыг хүргүүлэхээр журамд тусгажээ.

Зарим төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ

“Сонгино” дэд станц, “Их тойрог” цахилгаан дамжуулах агаарын шугам, МВА дэд станц, Баянголын амны “Баянгол” хорооллын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийг  хэрэгжүүлэхэд шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийг барилга угсралтын ажлын гүйцэтгэл, ирүүлсэн дарааллаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхийг Эдийн засгийн  хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Эдгээр төслийн барилга угсралтын явц өнөөдөр 60-70 хувьтай байгаа бөгөөд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа хангагдаж, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх бөгөөд гэр хорооллын 50 мянга орчим айл өрхийн халаалтыг цахилгааны эх үүсвэрээр шийдвэрлэх юм.

Товч мэдээ

 –  “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-ийг батлах тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 – Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын харъяа Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг татан буулгаж бүтэц, орон тоо үндсэн болон эргэлтийн хөрөнгө, төсвийн хамт Хүүхдийн төлөө үндэсний газрын харъяа Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд шилжүүллээ.

–  Улаанбаатар хотод энэ сарын 24-25-нд болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссийн IV хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас бидэнд  мэдээллээ.

 Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …