Дэлхийн дахины хувьд Билл Гейтс олон жилийн турш дэлхийн хамгийн баян хүн, алдарт Майкрософтын үүсгэн байгуулагч хэмээн алдаршсан бол Харвардын их сургуулийн сайтад түүнийг “Харвардын хамгийн их амжилтад хүрсэн сургууль завсардагч” гэж тэмдэглэжээ.
Өнөөдөр Бил Гейтс дэлхийн хамгийн баян хүн биш болсон ч баячуудын тэргүүн эгнээнд байсаар байгаа. Тэрээр 1973 оны намар Харвардын их сургуульд элсэн орсон ч хоёр жилийн жилийн дараа найз Пол Аллентайгаа хамтран Google-ийг байгуулахаар сургуулиа орхисон байна. 2007 онд буюу хэдийнэ амжилтад хүрсэн хойноо тэрээр сургуулийнхаа хүндэт доктор болсон юм.
iPod, iPhone, iPad-гүйгээр өнөөдөр мэдээллийн технологийн салбарыг төсөөлөхөд хэцүү болжээ. Хэрэв Стив Жобс энэ бизнесээ эхлэхээр сэтгэл шулуудаагүй, сургуульдаа үргэлжлүүлэн сурахаар үлдсэн бол өнөөдөр энэ бүгд байхгүй ч байж магадгүй л юм. Санхүүгийн бэрхшээлээс болоод Стив Reed коллежид элсэн орсноосоо хойш ердөө зургаан сарын дараа сургуулиасаа гарчээ.
Ингээд удалгүй Apple-ийг үндэслэн байгуулсан нь орчин үеийн техник, технологи, соёлын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан дэлхийн тэргүүлэгчдийн нэг болоод байна. Гэхдээ түүний зургаан сарын турш коллежид мэдсэн сурсан зүйл огт хэрэггүй байгаагүй гэнэ. Энэ талаараа 2005 онд Стэнфордын их сургуульд илтгэл тавихдаа түүний ярьснаар, анхны компьютерүүдээ бүтээхэд коллежид үзсэн хичээлүүд нь үндэс суурь болж өгсөн байна.
“Титаник”, “Аватар” кинонуудаараа шилдэг гэдгээ удаа дараа батлан харуулсан Оскарын шагналт найруулагч Жеймс Кэмероны бага залуугийн амьдрал Холливуд, ер нь кино ертөнцтэй ямар ч холбоогүй байжээ. Камероны гэр бүл 1971 онд Канадаас Калифорнид нүүж очсон бөгөөд тэрээр ахлах сургуулиа төгсөөд Фюллертон коллежид физикчийн мэргэжлээр суралцахаар элсэн орсон байна.
Гэсэн ч тун удалгүй сургуулиа орхиж, нэгэн зөөгч эмэгтэйтэй гэрлэн дүүргийнхээ нэгэн сургуулийн автобусыг жолооддог энгийн ажилчин болсон байна. 1977 он хүртэл ингэж ажилласан түүний сэтгэлийг Жорж Лукасын “Оддын дайн” кино ертөнц рүү соронзон мэт татсан гэдэг. Ингээд дараагийн 30 жилийн турш Камерон 20 зууны сүүлч, 21 дүгээр зууны эхэн үеийн хамгийн алдартай, хамгийн их орлоготой кинонуудыг бүтээгээд байна.
Харвардыг завсардагч Марк Цукерберг сургуулийнхаа дотуур байранд амьдарч байхдаа “Facebook”-ийг бүтээжээ. “Facebook” санаснаас нь хурдан амжилтад хүрч эхэлсэн учир тэрээр сургуулиасаа гарч, компаниа Калифорни руу нүүлгэсэн байна.
Одоо түүний оюутан цагийн бүтээл 1.15 тэрбум хэрэглэгчтэй дэлхийн хамгийн алдартай сүлжээний сайтуудын нэг болоод байна. Энэ нь Цукербергийн хувьд сургуулиа орхих шийдвэр нь 100 зөв байсныг баталгаа юм. “Форбс” сэтгүүлийн зарласнаар, Цукерберг дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байсан. Өдгөө түүний хөрөнгө 16.8 тэрбум ам.долларт хүрчээ.
Оскарын шагналт Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг том Хэнкс Огайогийн Кливлэнд дэх Их нууруудын театрт ажиллахаар коллежоо орхисон байна. Театраас олж авсан туршлага нь түүний Холливудын амжилтад бат бэх суурь, түлхэц болж өгчээ.
Өдгөө тэрээр хамгийн хүчирхэг, нөлөө бүхий, нэртэй жүжигчин, продюссер, найруулагч, кино зохиолчдын нэг болсон ч өнгөрсөн амьдралаа хэзээ ч марддаггүй аж. 2009 онд тэрээр ажил амьдралынхаа гарааг эхэлсэн Кливлэндын театраа сэргээн засварлахад зориулан хандив цуглуулж тусалжээ.
Харрисон Форд
“Оддын дайн”, “Индиан Жонс” кинонуудаараа шүтээн болсон Холливудын алдарт жүжигчин Харрисон Форд Рипон коллежид философчийн мэргэжлээр суралцахаар элсэн оржээ. Гэвч төгсөхийнхөө дөнгөж өмнөхөн сургуулиа орхисон байна. Энэ үед Холливудын хэд хэдэн продакшны кинонуудад жижиг дүрүүд бүтээсэн байна.
Хэнд ч тоогдохгүй, нэр нь ч дурсагдахгүй жүжигчин болсондоо сэтгэл дундуур байсан болохоор ажлаа сольж, мэргэжлийн мужаан болжээ. Үүнээс бараг арван жилийн дараа буюу 1977 онд Жорж Лукасын “Оддын дайн” кинонд тоглох боломж түүнд олдсон байна. Энэ нь түүний өнөөгийн энэ амжилтад хүрэх эхлэл байсан юм.
Ид шуугиулж байгаа авъяаслаг залуу дуучин Жоанне Анжелина Гермонетта буюу Лэди Гага 2003 онд 17 насандаа Нью-Йоркийн их сургуулийн Урлагийн сургуульд элсэн орж байжээ. Гэсэн ердөө жилийн дараа хөгжмийн мэргэжилдээ бүхий л анхаарлаа хандуулахаар сургуулиасаа гарсан байна.
2008 онд дебют цомог “Fame”-ээ гаргаснаас хойш Лэди Гага дэлхий дахинд алдаршсан билээ. Ташаагаа гэмтээснээс хойш удаан хугацаанд тайзан дээр гараагүй тэрээр тун удахгүй шүтэн бишрэгчдээ баярлуулах сурагтай.
Мэргэжлийн спортоо хөөхөөр сургууль, коллежоо орхисон зарим хүнээс ялгаатай нь Тайгер Вүүдс сонирхогчдын гольф тоглохоор Стэнфордын их сургуулийн эдийн засгийн ангиас гарсан байна. Тэрээр Стэнфордод эдийн засагчийн мэргэжлээр хоёр дахь жилдээ суралцаж байхдаа сургуулиа орхиж гольфыг сонгосноор төд удалгүй дэлхийн гольфийн домог болон гялалзсан байна.
Ид мандаж байх үедээ Тайгер Вүүдс дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчдын нэг болсон бөгөөд жилд 100 гаруй сая ам.доллар орлого олдог байжээ. Гэр бүлийн асуудлаасаа болоод хэсэг зуур байр сууриа алдсан Тайгер эргээд оргилд хүрэхэд ойрхон байгаа.