Мьянмарын холбооны Бүгд найрамдах улсын Холбооны парламентын дарга Тура У Шве Манн УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар энэ сарын 12-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
Айлчлалын үеэр хоёр орны парламентын дарга нар албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд ноён Тура У Шве Манн-ийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзахаар төлөвлөжээ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 онд тус улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд Мьянмарын талаас хэрэгжих гэж буй өндөр, дээд түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр Монгол, Мьянмарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны хууль тогтоох байгууллага хооронд харилцаа холбоо тогтоох, ардчилал, иргэний нийгмийн замыг сонгон шилжилтийн үйл явцыг эхлүүлээд буй Мьянмар Улсад Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн шилжилт хийсэн туршлага солилцох болон олон улсын тавцанд хамтран ажиллах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм байна.
Мьянмар улс нь энэ онд АСЕАН-ыг даргалж буйтай холбогдуулан АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтын оролцогч болох Монгол Улсын зорилтуудыг урагшлуулан хэрэгжүүлэхэд тус улсын дэмжлэгийг авахад энэхүү айлчлал чухал ач холбогдолтой юм.