
Ялангуяа цементийн үйлдвэрлэлийг эрэлттэй нь харьцуулахад 2014 онд нийлүүлэлт нь гүйцэхгүй боловч 2017 оноос эрэлтээ бүрэн хангах боломжтой болно гэж Барилгын, материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлсэн байна. Одоогоор цементийн гурван үйлдвэр ажиллаж байгаа бол саяхан Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч ашиглалтад оржээ. Харин цаашид “МАК” компанийн цемент болон хөнгөн бетоны үйлдвэрийн төслүүд хэрэгжиж, ашиглалтад орно.
Түүнчлэн 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “БМҮ” консорциумын үйлдвэр болон нэг сая тоннын хүчин чадалтай “Монполимет” компанийн үйлдвэрийн төслүүд хэрэгжиж байгаа юм. Төслүүд хэрэгжсэнээр 2016 оноос дотоодын цементийн үйлдвэрлэл жилд 4.5 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна. “Чингис” бондын хөрөнгөөс импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслүүдийг санхүүжүүлэхээр зарласны дагуу компаниуд барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлийн хэд хэдэн төслийг Монгол Улсын Засгийн газарт ирүүлээд байгаа аж.