УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ийг тайлах төслийг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авсан. Төрийн ордонд гишүүд “Давхар дээл”-ийг тайлах асуудлыг хэлэлцэж байхад, төв талбайд МАН-ын залуус энэ хуулийг дариу хэрэгжүүлэхийг шаардаж, жагсаал хийгээд амжсан. “Давхар дээл”-ийг тайлах асуудлаар МАН байр сууриа илэрхийлж Засгийн газрын сайдуудын суудал өнцөгдсөн энэ үед УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан холбогдох хуулиудыг хэлэлцэх санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Сайдууд ийнхүү суудлаасаа бууж магадгүй хүнд үед намынх нь гишүүн ч одооноос хуулийг хэрэгжүүлээд явах ёстой гэсэн саналтай байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Давхар дээл”-ийг нэн дариу тайлаад явах нь зүйтэй гэж үзэж буй ажээ. Тэрээр “УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын сайдаар ажиллах нь чуулганы хуралдаандаа суудаггүй, хурал тасалдаг, өгсөн үүрэг даалгаварт хойрог ханддаг. Иймд одооноос хуулийг хэрэгжүүлээд явах ёстой” гэжээ. Ийнхүү Засгийн газрын гишүүдийг намынх нь гишүүд ч шахах болсон байна. Г.Баярсайхан гишүүн аль нам засгийн эрхийг барьж байна хамаагүй хуулийг нэн дариу хэрэгжүүлээд явах хүсэлтэй байгаа аж. Ийнхүү амьдаа нар “Давхар дээл”-ийг тайлахыг хүсч байна.
Ugluu.mn
Н.Түвшин