БНСУ-ын “Korean Air” компанийн эзний охин самарнаас болж нислэгийг 11 минутаар хойшлуулж зорчигчдын ая тух, амь насны аюулгүй байдлыг алдагдуулсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гаргасан юм.
Тус компанийн эзэн Чо Ян Хогийн охин Хитер Чо “Korean Air”-ийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт Нью-Йоркоос Сөүл рүү нисэх гэж байхдаа онгоцны үйлчлэгчийг өөрт нь зохих ёсоор үйлчилсэнгүй хэмээн зэмлэж, даруйхан халахыг шаардсанаас хөөрөх зурвас руу явж байсан онгоц буцаад гарц руугаа эргэж явахад хүрсэн юм.
Нэгдүгээр зэрэглэлээр нисэхээр суудалдаа тухлаад байсан Хитер Чод онгоцны үйлчлэгч бусад зорчигчийн нэгэн адил ууттай самар авчирч өгчээ. Гэтэл эзний охин самрыг уутанд биш тавган дээр тавих ёстой байсан хэмээн уурлаж, онгоцны үйлчлэгчийг тэр нислэгээс даруйхан гарга хэмээн шаардсанаас онгоц нисэх буудал руу буцахад хүрсэн байна. Тэрээр компанийн дэд ерөнхийлөгчийн хувиар хөлгийн багийн үйлчилгээний стандартыг шалгах нь ажлынх нь нэг хэсэг хэмээн үзэж, үүнийг ч хөлгийн багийн ахмад хүлээн зөвшөөрчээ.
Харин энэ явдлыг шалгаж байгаа компанийн удирдах ажилтнуудын тухайд Хитер Чо тэр үед албан хэргээр яваагүй, бусдаас ялгаагүй зорчигч байсан учраас онцгойлон үзэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Ийнхүү үйлчилгээний стандартын тухай маргаанаас болж нислэгийг арав гаруй минутаар хоцроосон Хитер Чогийн үйлдэл агаарын тээврийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг БНСУ-ын Тээврийн яамнаас шалгасаар байгаа юм.
Энэхүү хэргийн дараа “Korean Air” Хидер Чог ажлаас нь халсан бөгөөд буруутай нь тогтоогдвол 10 жилийн ял авч магадгүй хэмээн мэдээлж байна.
Онцгой тохиолдолд онгоцны ахмад болон нислэгийн төвийн шийддэг энэхүү тушаалыг дураараа зөрчин, гүйлтийн замдаа орон явж байсан 250 зорчигч бүхий нисэх онгоцыг буцааж зорчигчдын аюулгүй байдал, тав тухад онцгой нөлөөлсөн уг хэрэг Солонгос улсад болон гадаадын орнуудад ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа юм.
Тэгвэл өнөөдөр үүнтэй холбогдуулан Чу Хён А захирлын аав, Ханжин группийн ерөнхий захирал Чу Ёнг Ху нийт иргэдээсээ уучлалт гуйн бөхийн ёсолж, охиноо буруу хүмүүжүүлсэндээ гэмшиж байна гэж мэдэгджээ.
Дэд захирлынхаа албан тушаалаас сайн дураараа татгалзсанаа мэдэгдсэн түүний охин Чу Хён А, Солонгос улсын Зам, тээврийн яамны Галт тэрэг, нисэх онгоцны аюулгүй байдлыг хангах хороонд дуудагджээ.