Зарим яамууд хоёр дэд сайдтай байх тухай яригдаж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ анхныхаа хуралдааныг хийв. УИХ-дахь бүх намуудын төлөөлөл орсон “бүдүүн” Засгийн газраас ард иргэд эдийн засгийн хямралыг зогсоохыг хүсэн хүлээж байгаа.

Тэднийг амаргүй хүнд даваа угтан хүлээж байгаа нь тодорхой. Үүнийг экс Ерөнхий сайд С.Баяр “Энэ удаагийн засгийн газарт орж байгаа сайд нар ерөөсөө сайхан зүйлрүү ороогүй. Шүхэргүйгээр онгоцонд суулгачихсан нисгэгчид л гэсэн үг” гэж тодорхойлсон. Төсвийн орлого 1 их наядаар тасарч, тендер гүйцэтгэсэн компаниудад мөнгөө төлж чадахгүйд хүрч, арай ядан цалингаа тавьж байгаа Ч.Сайханбилэгийн Засгийн газар маш цомхон хэмнэлтийн зарчмаар ажиллах ёстой.

13f5305a9031c41e0229a7d5e4369241great

Гэвч УИХ-дахь бүх намуудыг багтаах ёстой учраас арга буюу 18 гишүүнтэй 15 яамтайгаар байгуулагдсан. Улс орны эдийн засаг хүндэрлээ, олон сайд дарга нарыг цөөлье, үргүй зардал гаргахаа больё, хэмнэлтийн горимд шилжие гэж шаардсаар ирсэн сөрөг хүчин нь хүртэл дахин ийм бүдүүн Засаг томилогдоход төдийлөн эсэргүүцэл үзүүлэхгүйгээр бушуухан дэр нэгдээд авсан. Ердөө хоёр сарын өмнө экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газрынхаа бүтцийг өөрчилж 13 яамтай болно” гэж мэдэгдэж байхад Ч.Сайханбилэг түүний багт хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тэгвэл Ерөнхий сайд болмогцоо өмнө Засгийн газрынхаа бүтцийн өөрчлөлтийг дэмжихгүй өөрийнхөө гаргасан том зургаар асуудлыг шийдэхээр болсон. Олон нийт ч ийм нүсэр бүтэцтэй Засаг байгуулж байгаад таатай хандахгүй байгаа. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “яамууд нэмэгдэж байгаа ч доод шатны албан тушаалтууд, агентлагуудыг үр дүнтэй цөөлнө” гэж учирласан. Гэвч түүний хэлж байсан шигээр төрийн бүтэц цомхон болохгүй нь. Ам ажлынх нь зөрүү дэд сайд нарын томилгоон дээр дахин харагдахаар болоод байна.

Энэ долоо хоногийн улстөрийн халуун тогооны ярианы сэдэв нь дэд сайд нарын томилгооны тухай асуудал байв. Үндсэндээ МАН 6, АН 5, шударга ёс эвсэл2, ИЗН 2 дэд сайд томилно гэсэн тохироо аль эртнээс хийгдсэн гэнэ. Гэвч дэд сайд нарын марафон улстөрийн том намуудын бүлэг фракцуудыг хооронд нь зодолдоход хүргэж томилгоо хийхэд хүндрэлтэй байгаа гэнэ. АН, МАН ч ялгаагүй энэ зовлон амсаж эхлээд байгаа ажээ. МАН-аас л гэхэд дэд сайдад нэр дэвших хүсэлтэй 40 гаруй хүний дугаар хэдийн үүссэн байна. АН-д ч мөн томоохон бүлэг фракцууд дэд сайдынхаа томилгоон дээр нэгдэж чадахгүй байна. Тиймээс аль болох олон хүний гомдлыг тайлж, амбицийг тайлах шаардлага дэд сайд нарын томилгоон дээр тавигдах болжээ. Ингээд нэгэн гарц олсон нь зарим яамуудыг хоёр дэд сайдтай болгох тухай асуудал юм. Өмнө нь  С.Баярын тэргүүлсэн Засгийн газарт Уул уурхай, эрчим хүчний яаманд уул уурхай хариуцсан, эрчим хүч хариуцсан тусдаа хоёр дэд сайд ажиллаж байсан. Мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ч ийм жишгээр ажиллаж байв. Тэгвэл шинэ Засгийн газар энэхүү туршлагыг хэрэгжүүлж шинээр нэгдсэн зарим яамуудыг хоёр дэд сайдтай болгоё гэдэг тохироог намуудын удирдлагуудын түвшинд тохироод байгаа гэнэ. Харин үүнийгээ удирдах шатны хурал, УИХ-дахь бүлгээр оруулж батлуулахад хүндрэлтэй байгаа ажээ. Учир нь эдийн засгийн хямралыг давахын төлөө хэмнэе, цөөлөе гэсэн уриатай атлаа эсрэгээр нь томилгоо хийгээд байх нь төдийлөн зохимжтой биш.

Хоёр дэд сайдтай байж болох яамдын тухайд Эрүүл мэнд спортын яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам зэрэг шинээр нэгдэж зохион байгуулалтанд орсон яамууд яригдаж байна.

Н.Алтанхуягийн Засгийн газарт сайд, дэд сайдтайгаа нийлээд 33 хүн “сэтэртэй байсан” энэ удаагийн Засгийн газарт хэдэн хүн ийм сэтэр зүүхийг олон түмэн харах л үлдэж байх шиг.

Эх сурвалж: www.24tsag.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …