Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргүүдийн хорооны нийгмийн ажилтнууд, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнуудад “Хүүхдийн ахуйн болон зам тээврийн осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” сэдэвт сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ. Нийслэлийн хэмжээнд энэ оны арван сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 110 бүртгэгдсэнээс 56 тохиолдол буюу 50.9 хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эндсэн байна. Үүнээс 75 хувь нь түлэгдэлт, 3.57 хувь нь угаартаж,16.07 хувь нь зам тээврийн ослоор, 1.78 хувь нь хоолондоо хахсан, 1.78 хувь нь өндрөөс унаж нас барсан байна. Олон улсын судалгаагаар хүүхдийн осол гэмтлийн 90 хувийг асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэж үздэг байна. Осол гэмтлийн улмаас хүүхэд нас барах тохиолдол хөгжил буурай болон хөгжиж буй оронд 3.4 дахин их байдаг гэсэн дүгнэлт гарсан байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага хүүхдийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлж байна. Нийслэлд суурьших хүн амын шилжилт хөдөлгөөн жилээс жилд өссөнтэй холбогдон хүн амын механик өсөлт, ажилгүйдэл, гэр бүлийн, хүүхдийн хүчирхийлэл, ахуйн болон зам тээврийн осол гэмтэл нэмэгдэж байгаа аж. Иймээс хүүхдийн осол гэмтэл, хүчирхийлэлд хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байгаа аж.
Б.Дэлгэр