Сангийн сайд Ж.Эрдэнэбат 2014 оны төсвийн тодотголын асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Та сайдаар томилогдсоныхоо дараа 2014 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Ер нь улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал ямаршуу төрхтэй байна вэ?
-Энэ богино хугацаанд Засгийн газрын бүтэц, зайлшгүй санхүүжүүлэх зардалтай холбогдуулан 2014 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Ер нь улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүнд байна. Маш олон санхүүжигдэх зардал ар араасаа хүлээгдсэн байдалтай, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 63 хувьтай байна. Он дуусахаас өмнөх 10 гаруй хоногт 600 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх зайлшгүй шаардлага Сангийн яамны өмнө тулгараад байна. Орлого төвлөрүүлдэг байгууллагууд энэ сарын орлогоо бүрэн төвлөрүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Харамсалтай нь өмнө нь орлогын төлөвлөгөө нэг их наяд төгрөгөөр тасарсан учраас энэ нэг их наяд төгрөгийн зарцуулалтыг бүрдүүлж гаргах асуудал нь хүндрэл үүсгэсэн. Төсвийн тодотголыг бодит нөхцөлд тулгуурлан өргөн барихыг бодсон ч хугацааны хувьд төсвийн жил дуусах дөхсөн байхад санхүүжилтүүд дандаа өр хэлбэрээр эх үүсвэрээ бий болгоод гарчихсан байна. Өмнөх Засгийн газрын хэрэглэсэн зардлыг хасч тооцох ямар ч бололцоогүй, бодит байдалд нь нийцүүлж орлого, зарлагыг тус бүр нэг их наядаар бууруулах боломжгүй байна. Тиймээс өмнөх Засгийн газрын тавьсан өрийг барагдуулах, бүтэцтэй холбогдуулан яамдад бүтэц, орон тооны хуваарилалтыг хийх чиглэлд 2014 оны төсвийн тодотголыг хийсэн.
-Тасарсан орлогыг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх вэ. Ажил хийсэн хэрнээ мөнгөө авч чадаагүй олон компани байгаа шүү дээ?
-Төлөвлөснөөс 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт дутуу байгаа. Гэхдээ гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гэж Сангийн яам шийдсэн. Тендер нь зарлагдаагүй төсөл хөтөлбөрүүд ч бий. Он дуустал 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага бий. Бидний хувьд ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх талаар ярьж байна. Нэгэнт төрийн сангийн данс хэдэн зуун тэрбумаар хасах руу орж, дутуу биелсэн орлогынхоо төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангаад явчихсан байгаа. Тиймээс урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардалд нийтдээ 600 тэрбумыг гаргана. Нийт олох бололцоотой орлого нь 300 орчим тэрбум гэж тооцоолж байгаа. Үлдсэн орлогыг ямар эх үүсвэрээс яаж бүрдүүлэхийг Засгийн газраас шийдвэр гаргаж шийднэ.