Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр үдээс хойш болно. Харин энэ хуралдааны өмнө намууд дэд сайд нарынхаа нэрийг тодруулж, Ерөнхий сайдад өргөн барих юм. Ингэснээр Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг эцэслэн томилно. Өчигдрийн байдлаар аль нам, хэдэн суудал авахаа эцэслэн тохирсон. Үүгээр АН дөрөв, МАН долоо, ”Шударга ёс” эвсэл гурав, ИЗНН нэг дэд сайдтай байхаар тохиролцоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хяналт тавих зорилгоор МАН-ын сайдтай яаманд АН эсвэл МАХН-ын дэд сайдыг томилох зарчмаар явахаар болоод байгаа. Тодруулбал, АН Сангийн, Барилга хот байгуулалтын, Зам тээврийн, Батлан хамгаалахын яаманд дэд сайдаа томилуулах бол МАН Уул уурхай, Хүнс хөдөө аж ахуй, Аж үйлдвэрийн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Гадаад хэргийн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд дэд сайдаа нэр дэвшүүлэхээр болоод байна. Харин МАХН Хууль зүй, Эрчим хүч, Хөдөлмөрийн яаманд дэд сайдаа санал болгож, МҮАН Хөдөлмөрийн яаманд дэд сайдаа нэр дэвшүүлэх аж. ИЗНН-ын хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд дэд сайдаа санал болгохоор тохирчээ. Харин намууд дэд сайд нарынхаа нэрийг тодруулахдаа тодорхой шалгуур тавина гэдгээ хэлсэн. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дэд сайд нараа тодруулна гэх мэдээлэл байсан ч дугаар шилжих мөчид хурал эхлээгүй байлаа. Харин АН-ын хувьд Гүйцэтгэх зөвлөлөөр дэд сайд нараа ярилцсанаар Засгийн газрын хуралдаанд шууд оруулахаар болсон байна. Түүнчлэн“Шударга ёс” эвсэл болон ИЗНН-ын хувьд нэр дэвшигчдээ тодруулаад байгаа гэх. Ямартай ч, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дэд сайд нарын нэр өнөөдөр эцэслэн тодорно.
М.ӨНӨРӨӨ