Хэзээ үхэхээ мэдэхгүй амьдардаг нь бидний хувьд зол. Гэвч санамсар болгоомжгүй өчүүхэн үйлдлүүдийнхээ төлөөсөнд амь насаа алдаж, нэг л амьдрах энэ амьдралаа зуурдаар орхин одох тохиолдол үнэхээр харамсалтай. Дөнгөж 20-иодхон настай, ханилан сууж, үр хүүхдээ тойруулан хамтдаа жаргана даа хэмээн сэтгэлийнхээ үгсийг ярилцан суусан залуу хос харамсалтайгаар бурхны оронд одсон хэрэг өнгөрсөн ням гаригт аянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Цэргийн хотхоны гадна гарчээ. Тэд дөнгөж 20-иодхон настай байсан. Ийм харамсалтай зүйл болно гэж тэд төсөөлөө ч үгүй байсан бизээ.
-МАШИНЫХАА СУУДАЛ ДЭЭР ТЭВРЭЛДСЭН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ-
Машиныхаа суудлыг хойш хэвтүүлээд тэврэлдэж хэвтсэн байдалтай амиа алдсан тэднийг тус байранд оршин суух хүн харсан байна. Анх харахад машин дотор хоёр хүн унтаж байсан аж. Ингээд нэлээд удсаны дараа дахин харахад машин доторхи хоёр хүн ямар ч хөдөлгөөн үзүүлэхгүй байсан тул сандарсан иргэн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид газар дээр нь очиж шалгахад Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 20 настай эмэгтэй Б, Чингэлтэй дүүргийн 17-р хороонд оршин суух 22 настай эрэгтэй О нар нь “Верна аксент” маркийн автомашиндаа угаартсан байдалтай амь насаа алдсан байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Хайртай хосын болзоо дуусч, найз бүсгүйгээ гэрт нь хүргээд буцах гэсэн залуу хайртай бүсгүйгээсээ салж хагацаж чадахгүй машиндаа суун ярилцах дүр зураг та бүхний нүдэнд бууж байна уу. Хайртай хүнтэйгээ жаахан ч гэсэн хамт байх гэсэндээ, хөхөө өвлийн хүйтэн шөнө машиныхаа паарыг асаан энд тэнд зогсох хосууддаа сэрэмжлүүлэг болгох үүднээс бид энэхүү мэдээллийг бэлтгэж буй юм. Ийм харамсалтай хэрэг дахин бүү давтагдаасай.
-ГУРВАН ОЮУТАН ЗАЛУУ МАШИНДАА УГААРТАЖ АМИА АЛДАЖ БАЙВ-
Тээврийн хэрэгслээ халааж байгаад угаартаж амь насаа алдсан хэргүүд өнгөрсөн жил ч гэсэн хэд хэд бүртгэгдэж байсан. Тухайлбал, 2013 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр ХААИС-ийн оюутан 20-24 насны гурван залуу машиндаа угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарч байсан нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн бүртгэлд одоо ч тодоос тод дурайж байна. Мөн энэ дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 41 настай эрэгтэй хүн машинаа халааж байгаад амь насаа алдсан байдаг. Хүн утаанд хормын төдийд угаартан ухаан алдаж, улмаар амьсгал нь боогддог аж.
Хүйтний улиралд гадаа удаан хугацаанд зогссон автомашиныг асаахад утаа, угаар ихээр ялгардаг, мөн зогсож байгаа асаалттай машины угаар кабиндаа илүү нэвтэрдэг учраас мансуурч, угаартах байдал элбэг юм байна. Түүнчлэн битүү гаражид машин дотроо сууж халааж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, мөн согтуу үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байх, хучлагатай чигээр нь машинаа халаахгүй байхыг нийт жолооч нартаа цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Мэдээ.мн