Уул уурхайн сайд Д.Ганхуягт Японы нэр хүндтэй Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цол хүртээлээ. Энэхүү шагналыг гадуулахаар Киотогийн технологийн дээд сургуулийн ректор Фүрүяма Масао өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байлаа.
Фүрүяма Масао энэ шагналыг гардуулах үеэр “Киотогийн технологийн дээд сургуулийн хүндэт доктор цолыг шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажил болоод 2 орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнд өгдөг юм. Д.Ганхуяг сайдын хувьд шинжлэх ухаан боловсрол төдийгүй, улс төр бизнесийн салбарт өндөр амжилт гаргасан, Японд анхлан боловсрол эзэмшсэн цөөхөн Монгол оюутнуудын нэг юм. Цаашид ч Монгол Япон 2 орны найрамдалт харилцаанд гүүр болон ажиллана гэдэгт итгэж байна” гэдгийг онцолж байлаа.
Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цолыг өмнө нь Сэн Гэншицү /үндэсний уламжлалт Цайны урлагаар нэрд гарсан Урасэнкэ-гийн удмын 15 дахь үе залгамжлагч/, Инамори Казуо /Кёосэра компанийн хүндэт ерөнхийлөгч/, Ито Сэкисүй /Уран барималч, алдарт керамист, Япон улсын хүндэт уран бүтээлч, биет бус соёлын үнэт өвийг эзэмшигч хүн/ нарт олгож байсан. Уул уурхайн сайд Д.Ганхуяг нь энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа дөрөв дэх хүн нь болж байгаагаараа онцлогтой.
Тэрбээр 1989 онд Киотогийн Технологийн дээд сургуулийг Политехник факультетийн Будгын химийн ангийг инженер-хими технологич мэргэжлээр сурч дүүргэсэн.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг нь энэхүү шагналыг гардан авах үеэрээ Киотогийн Технологийн дээд сургуульд сурч байсан дурсамжаасаа ийн хуваалцлаа.
“Биднийг оюутан байхад Киотогийн Технологийн дээд Сургуулийн ректор Фүкүй Кэн-ичи гэдэг химийн шинжлэх ухааны Нобелийн шагналтан, химич хүн байлаа. Энэ алдартай хүний сургаалийг сонсож, энэ хунээс дипломаа гардан авч байсан маань тодхон санагдаж байна. Энэ сургуульд сурсан мэдсэн эрдэм мэдлэг маань эх орондоо эргэн ирж ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Говь” компанид ажиллахад ихээхэн чухал байсан бөгөөд түүний ачаар тухайн үед Япон улсын тусламжаар Монгол Улсад баригдсан цорын ганц үйлдвэр болох “Говь” компанийг бид бүхэн хөл дээр нь босголголцож, авч явж чадсан билээ.Тухайн үед Японы их, дээд сургуульд Монгол Улсаас жилдээ ердөө хоёрхон оюутан явж суралцдаг байсан бол өнөөдөр хэдэн арав, зуугаараа суралцдаг болсон байна. Дэлхийд техник, технологийн хөгжлөөрөө тэргүүлдэг Япон оронд манай мянга мянган оюутан залуус эрдэм боловсрол эзэмшиж байгаад хувиасаа баяртай байдаг” гэлээ.
Энэхүү арга хэмжээний үеэр олон хүн өөрийн сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Түүний нэг нь Киотогийн Технологийн дээд сургуулийн прорерторын туслах Ёший Цутому байлаа. Тэрээр “Би манай сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчдийг тодхон санаж байна. Тэр дундаа 24 жилийн өмнө манай сургуулийг амжилттай сурч төгссөн Д.Ганхуягийн талаар дурсамж маань өчигдөрхөн болсон мэт сэтгэлд үлдэж.
Би урьд өмнө нь Д.Ганхуяг шиг ийм хичээнгүй сурагч харж байгаагүй. Шалгалт дөхөхөөр хүүхдүүд “Д.Ганхуягаа лекцийнхээ дэвтрээ өгөөч” гээд гуйдаг байсан юм. Тухайн үед бид Д.Ганхуягийг цаашаа үргэлжлүүлэн суралцаж, сургуульдаа багшаар үлдээсэй гэж хүсч байсан. Гэхдээ тэрээр Япон улсад сурсан зүйлээ эх орондоо зориулахаар явсан. Тэрээр одоо ч эх орондоо ихийг бүтээж яваа нь харагдаж байна” гэлээ.
Киотогийн Технологийн Дээд Сургууль нь анх Киотогын торгоны хүр хорхойн мяндас боловсруулах төв нэртэйгээр байгуулагдан, 1949 онд Киотогийн Гар урлал Нэхмэлийн Дээд Сургууль, 1951 онд Киотогийн Технологийн Дээд Сургууль болон өргөжсөн. Өдгөө энэ сургууль 291 профессор, багш, 123 захиргааны албан хаагч, 4000 гаруй оюутантай.
Монголоос тус сургуулийн бакалаврыг 5 оюутан, докторантурыг 3 оюутан тус тус төгссөн. Одоо тус сургуульд нэг монгол оюутан суралцаж байна.
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …