СТА Ц.Алдармаа хэсэг хугацаанд ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад батлан даалтад гараад удаагүй байгаа. Тэрбээр хамтлагийнхаа жүжигчин, хуурай эгч гэгдэх Д.Оюунтуултай муудалцаж дээрээс нь буцалсан халуун ус асгаж, биеийнх нь 31 хувийг түлсэн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс түүнд долоон жилийн хорих ял оноосон.
Шүүх хурлын дараа шууд хорих анги руу ачигдсан тэрбээр нэлээдгүй шоконд орсон гэдэг. Учир нь хуулийн мэргэжилтэй нэгэн хүн түүний хэргийг “аргалж өгнө” хэмээн худлаа хэлээд 10 сая төгрөг луйвардсан аж. Тэрээр энэ тухайгаа өмгөөлөгчдөө “Нэг хүн /нэрийг нь нууцлав/ хэргийг минь аргална гээд 10 сая төгрөг авсан. Тэгээд зүгээр л ёс болгоод шүүх хуралд орчих гэсэн юм. Би ч тэр хүнийг аргалчих байх гээд тоохгүй яваад орсон. Шүүх хурал удаан үргэлжлэсний эцэст надад 7 жилийн хорих ял оноолоо гэсэн. Би сонсоод хамаг бие салгалаад цочролд орсон. Үнэндээ яахаа мэддэггүй юм билээ. Тэгээд шүүх хурал дуусаад Д.Оюунтуул эгчийг дагаад алхаж байтал цагдаа нар шууд татаад л цагдаагийн машинд суулгаад аваад явсан. Үнэхээр аймшигтай байсан” хэмээн ярьсан гэх. Ямартаа ч хэсэг хугацаанд хоригдсоны эцэст батлан даалтад гарсан тэрбээр суллагдсан даруйдаа “Нэг хүнтэй тооцоо бодноо” хэмээн цахим хуудсандаа бичсэн нь түүнийг дахин болчимгүй үйлдэл хийх гэж байна, Оюунтуултай тооцоо бодох гэж байна гэх мэт яриаг гаргаад байсан. Тэгвэл түүний тооцоо бодох хүн нь Оюунтуул бус худал хэлж мөнгө залилсан өнөөх этгээд аж. Тэрбээр сайн таньж мэдэхгүй хүнд итгэж их хэмжээний мөнгө өгөөд энэ хэргээс цэвэрхэн мултрана гэж бодож байсан ч долоон жилийн ял сонсож хорих анги руу ачигдсандаа гармагцаа тэр хүнийг хайж эхэлсэн гэнэ.
Эх сурвалж: www.undesten.mn