О.Магнай: Ерөнхий сайдыг цалингүй ажилла гэж уриалмаар байна

Хэдхэн хоногийн өмнө эрх мэдлээсээ татгалзаж, даргын зөөлөн сэнтийгээсээ буусан ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.

 b407bcdb471c91c7original-Таныг ажлаа өгсөн цагаас хойш “О.Магнай шинээр нам байгуулах гэж байна” гэсэн таамаг нэлээд дэвшүүлж байна. Одоо ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? 

-Шинэ нам байгуулахгүй. Би нэгдүгээр сарын дунд үе хүртэл амарна. Тэгээд Үйлдвэрчний эвлэлийн ажлаа хийнэ.

-Та ажлаа хүлээлгэж өгөхдөө “Би төрийг цэвэрлэнэ. Төрд цэвэрлэгээ хэрэгтэй” гэж хэлсэн. Хаанаас тэр дундаа хэнээс цэвэрлэгээгээ эхлүүлэх гэж байна вэ? 

-Дарга байх сайхан. Улсын машин унаж, гар утасныхаа төлбөрийг төлүүлдэг. Гэхдээ би зарчмаасаа хазайхыг хүсэхгүй байна. Хуйвалдаж, нэгнийгээ албан тушаалд томилдог хүмүүстэй ажиллаж чадахгүй. Ёс зүйгүй, зарчимгүй төрд дасч байх шиг байна. Тиймээс төрд яах аргагүй цэвэрлэгээ хэрэгтэй. Харин хаанаас, хэнээс эхэлж төрийг цэвэрлэхийг тухайн цагт нь харах хэрэгтэй. Энэ талаар урьдчилж яримааргүй байна.

-“Нэгдүгээр сарын 1 гэхэд шатахууны үнийг буулгана. Чадахгүй бол ажлаа өгнө” гэж та хэлж байсан. Одоогоор шатахууны үнэ буураагүй байна. Цаашид шатахууны үнэ буурах боломжгүй учир та ажлаа өгсөн юм уу. Шатахууны үнийг буулгах боломж бий юү? 

-Шатахууны үнийг буулгах бүрэн боломж бий. Энэ асуудлаар би Газрын тосны газрын даргатай ярьсан. Ерөнхийдөө буулгах талаар ярилцаж байгаа гэсэн. Нэгдүгээр сарын 1-нээс үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоохоор шийд гарсан гэж ойлгосон. Шатахууны компаниуд Сингапурын биржээр үнэ тохирох гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, зах зээлийн горимд шилжиж байна гэсэн үг. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд түүхий нефтийн үнэ 50 хувиар буурсан. Дэлхий даяар шатахууны үнэ хямдарч байгаа учир энэ жил аялал жуулчлал өмнөх жилүүдээс илүү нэмэгдэх хандлагатай байна. Учир нь онгоцны зардлын 3/1 нь шатахууны төлбөрт зарцуулдаг байдаг. Дэлхий дахинд ийм хөдөлгөөнд орж байхад яагаад Монгол хөдлөхгүй байна вэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд ам.долларыг зах зээлийн ханшнаас хамаагүй багаар Монголбанкнаас авч байсан. Тэгэхээр шатахууны үнийг буулгах боломж байна.

-Ард иргэдийг эдийн засгийн хямралаас гаргах арга замыг иргэн хүний хувьд хэрхэн харж байна вэ. Энэ зөв гарц байж чадах уу? 

-Нийгэмд учирч буй бүх дарамт ард түмний нуруун дээр буудаг. Ард түмний өмнөөс үг хэлсэн хүн бүрийг популизм хийж байна гэдэг. Харин ч улстөрчид 2008 онд гэрлэсэн хүмүүст, төрсөн хүүхдэд мөнгө өгч өөрсдөө популизмыг жинхэнэ утгаар нь хийсэн. Тэр ч бүү хэл ботгонд хүртэл мөнгө өгч байсан удаатай. “Эх орончоороо уралдаад яах вэ” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн. Харин ч одоо хэн нь илүү эх орон ч вэ гэдгээ үзэх цаг. 1997 оны Азийн хямралын үеэр Солонгосын парламентын гишүүд цалингүй ажиллаж байсан. Украинд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь цалингүй ажиллаж байна. Парламентын гишүүдийн 50 хувь нь цалингаасаа татгалзаж байна. Ерөнхий сайд нь албаны ажилд унадаг машиныхаа дугуйг сольж өвлийн дугуй тавихдаа өөрийнхөө мөнгөөр авч байна. Энэ бол эх орон ч үзэл юм. Тиймээс ийм хүнд нөхцөлд Ерөнхий сайдыг цалингүй ажилла гэж би уриалж байна. Гар утасныхаа төлбөрийг өөрийнхөө мөнгөөр төлөх хэрэгтэй.

-Таныг ШӨХТГ-ын даргын үүргийг гүйцэтгэж байхдаа албаны зардлаар гадаад руу явсан гэж байсан. Энэ үнэн үү? 

-Худлаа. Төрийн зардлаар гадаад явах боломж байхгүй. Бээжинд хүний бие муудаад яаралтай гурав хоног явсан. Түүнийг хэлж байгаа байх. Тухайн үед шадар сайд Тэрбишдагва асан “Хэлэлгүй явлаа” гээд цалингийн 20 хувиар торгосон.

-Таныг ард түмний эрх ашгийг хамгаалж, ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд дарамт шахалт ирж байсан уу?

-Томоохон компаниудын цаана дандаа “Том хүмүүс” байдаг. Тиймээс дарамт шахалт ирдэг. Тухайлбал, циркийг хувьчлах асуудлыг эсэргүүцэж байхад санаанд оромгүй хүн хэд хэдэн удаа залгаад “Чи наад асуудлаа боль” гэдэг байсан.

 -Том хүн гэдгээ тодруулбал?

-Том гэдэг чинь өндөр гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өндөр албан тушаал хашиж буй хүмүүс гэсэн үг. Ихэвчлэн улстөрчид гэсэн үг л дээ. Энэ дашрамд, нэг зүйлийг хэлмээр байна. Арилжааны банкнуудын нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хурал энэ сарын 23-нд болсон. Тэр үед манай хуульч залуу надад ялсан гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралд ялж байна гэсэн үг. Харин арилжааны банкиуд шүүхийн тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Хэрэв давж заалдахгүй бол банкиуд нэг хувийн шимтгэл авахгүй болж байна.

С.Юмсүрэн

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …