Рок попын өнгөт үрэл хэмээгддэг “Киви” хамтлагийн царайлаг, нуруулаг сайхан бүсгүйчүүд үргэлж л олны анхаарлын төвд байдаг. Хатуу зантай продюссерийнхээ “ачаар” өдийг хүртэл гэр бүлтэй болж амжаагүй яваа гурван бүсгүйг хөрөнгө чинээтэй, нэр нөлөө бүхий эрхмүүдтэй нэр холбох нь элбэг. Үнэтэй машин хөлөглөж, тансаг хэрэглээгээрээ олныг алмайруулдаг сайхан бүсгүйчүүд ч өөрсдийгөө өнөө хэр нь ганц бие яваа гэдгийг ам нээх бүртээ баталдаг байсан цаг саяхан. Харин хамтлагийн ахлагч Ука саяхан амаржиж хүүтэй болсон төдийгүй Агий нь найз залуутай гэдгээ илчлэн хэрэндээ л өнгөрсөн хугацаанд “зүгээр” суугаагүй гэдгээ харуулаад авсан.
Тэгвэл нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Киви” хамтлагийн гурван бүсгүйд ямар эрчүүд таалагддаг тухай асуултад Ука “Намайг бүх талаар минь ойлгож дэмждэг, бас ямар ч үед байгаагаар минь хайрлах тийм л эр хүн таалагддаг. Түүнээс биш нэр алдар, хөрөнгө мөнгө болон бусад зүйл тийм чухал биш” гэж хариулж байжээ. Харин хамтлагийн хамгийн царайлаг гишүүн Аагий “Сайхан гэр бүлийн амьдрал цогцлоохын тулд хосууд бие биедээ итгэж, хайрлаж, хүндэлдэг байх ёстой. Эмэгтэй хүнийг хайр халамжаар дутаахгүй авч явж чадах тийм нэгэн залуу таалагдана” гэсэн бол, Намуунаа харин “Жинхэнэ эрчүүд л таалагддаг. Эхнэртэй мөртлөө өөр бүсгүйчүүд рүү сээтэгнээд, элдэв янзын ааш аяг гаргаад байгаа эрчүүд ер таалагддаггүй. Эхнэртэй эрчүүд бол зүгээр л жишээ шүү дээ. Тиймэрхүү залуустай харьцаад байх шаардлагагүй” хэмээн бардам нь аргагүй хариулна лээ.
Эх сурвалж: www.photonews.mn