Өнгөрсөн лхагва гарагт Сентрал Анатолий мужийн Конья хотод болсон оюутны жагсаалын үеэр Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намыг шүүмжилсэн эрэгтэй оюутан баривчлагджээ. Хэрвээ уг оюутныг буруутай гэдэг нь тогтоогдвол дөрвөн жил хүртэл хоригдож магадгүй гэнэ. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу тус баривчилгааг өмгөөлж, “Ерөнхийлөгчийн албан ажлыг хүндэтгэн үзэх ёстой” гэж мэдэгджээ.
Туркийн эрүүгийн хуулиар төрийн тэргүүнийг доромжлох нь гэмт хэрэгт тооцогддог аж. 1920-иод оны үед лалын шашинтнуудад амиа алдсан Турк цэргийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр тус оюутны хэлсэн үгийг Доган Мэдээллийн агентлаг олон нийтэд дамжуулжээ. Тэрээр орчин үеийн Бүгд Найрамдах Турк Улсыг үүсгэн байгуулсан Мустафа Кемал Ататуркийн зарчим болоод төрөөс сүм хийдийг тусгаарлах үзлийг хамгаалжээ. Мөн сүүлийн үед гарсан хээл хахуулиудын хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгч Эрдоганыг шүүмжилжээ.
Түүнийг ярьж байх үед цугларсан хүмүүс “Хаа сайгүй хээл хахууль, Энд тэндгүй авлига!” хэмээн хашхирч байжээ. “Хуриет” сониноос тус оюутныг зүүний хүчний хүн гэж мэдээлсэн боловч тэрээр улс төрийн ямар ч нам, хүчинтэй холбоогүй гэж хэлжээ. “Надад гутаан доромжлох ямар ч зорилго байхгүй” гэж баригдсан оюутан хэлсэн бөгөөд өмгөөлөгчид нь энэ үүний эсрэг гомдол мэдүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.
Энэ хэрэгт Туркийн сөрөг хүчин болох Ардын бүгд найрамдах намын гишүүн Аттилла Карт Ерөнхийлөгч Эрдоганыг хатуу шүүмжилж, Ерөнхийлөгчийг “айдас, дарамт, заналхийллийн орчин”-ыг бүрдүүлж байна гэжээ. Ресеп Тайип Эрдоган Туркийн Ерөнхий сайдаар 11 жил ажилласны дараа өнгөрсөн наймдугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Сүүлийн саруудад түүнтэй болон түүний Засгийн газрын гишүүдтэй холбогдсон авлигын хэрэг олон гарах болжээ. Гэвч Эрдоганы үзэж байгаагаар, эдгээр хэрэг нь ор үндэслэлгүй бөгөөд түүнийг эрх мэдлээс нь холдуулах гэсэн хуйвалдааны нэг хэсэг хэмээн тайлбарлаж байгаа юм. Энэ сарын эхээр цагдаа нар Эрдоганыг эсэргүүцэгч Гулений хөдөлгөөнийг дэмжсэн 20 гаруй сэтгүүлчийг баривчилсан билээ.
А.Дэлгэрмаа