1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосноос хойш жил бүр эх түүхээ эргэн санах, түүхэн хүмүүсээ алдаршуулах ажлууд зохион байгуулж байгаа юм.
Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, Монголын төр засгийн анхны гадаад айлчлалын 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Намнансүрэн Оросын эзэнт улсад” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдлээ.
Ард олноо “Ягаан ноён” хэмээн хүндлэгдэж ирсэн Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн умард хөршид 1913-1914 онд хийсэн төрийн айлчлал манай орны гадаад харилцааны түүхэнд тод мөр үлдээжээ.
Үзэсгэлэнд Монгол төрийн анхны Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой ховор гэрэл зураг, дүрс бичлэг, баримт эх хэрэглэгдэхүүнийг Оросын Түүхийн архив, Эрхүүгийн Улсын архив, Санкт-Петербургийн Гэрэл зураг, дуу дүрсний архив зэргээс шинээр илрүүлж, судалгааны эргэлтэд оруулан дэлгэсэн байлаа.
olloo.mn