Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх Улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авав. Тэрээр 2011 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн цомын төлөөх анхны барилдаанд түрүүлж цом гардаж байсан юм. Өнөөдрийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Ноёд” группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын аварга С.Мөнхбатад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн зүүж явсан бугуйн цагийг дурсгал болгон бэлэглэв.