Прокурорын байгууллага 2014 онд прокурорын үндсэн хяналтын ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилт болгон дэвшүүлж, удирдамжийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, программ хангамжийн ажлыг төгөлдөржүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, прокурор ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг бодлогын түвшинд анхаарч ажиллалаа.
Прокурорын байгууллага 2014 онд хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагын хүлээн авсан гэмт хэргийн шинжтэй 77414 гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулсан 34363 хэргийн шийдвэрлэлтэнд хяналт тавьж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд 11969 удаа оролцож, 233 удаа шалгалт хийж, 10,7 мян зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 192 бичиж, иргэний шүүх хуралдаанд 45 удаа оролцож 633,2 сая төгрөгийн нэхэмжлэлийг хангуулсан байна.
УЕПГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцан хэлтсийн хяналтын прокурорууд Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Прокурорын мэргэжлийн дүрэм, хяналтын ажлын аргачилсан зааврыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт орж ажилласны гадна нийслэл тээвэр дүүргийн прокурор, цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулан хийж, хилийн хоригийн талаар мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагуудын хамтарсан тушаалаар баталсан журмын хэрэгжилтийг улсын хэмжээнд судлах зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсний гадна иргэд байгууллагаас гаргасан 1200 гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж,1422 хэргийн материалыг уншиж хянан, 530 хэргийн харьяаллыг тогтоож, УДШ-ийн хуралдаанд 455 удаа оролцож улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 20 хүнийг цагаатгаж, ажлын ачаалал ихтэй ажиллажээ.
УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс 2014 онд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Булган, Дархан-уул, Орхон аймаг Зүүнхараа, Дарьт, Хархорин, Өндархаан, Чойр, Авдрант дахь хорих ангиуд, Сэлэнгэ, Өвархангай, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Архангай, Дорногвь аймгууд дахь цагдан хорих болон албадах байрны үйл ажиллагаа, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг шалгаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг хийсэн нь ажлын шинэлэг арга хэлбэр болсон байна.
Мөн энэ хяналтын ажлыг улсын хэмжээнд хариуцсан 52 прокурорыг оролцуулан 2014 оны 5 дугаар сард нэгдсэн сургалт явуулж, хяналтын ажлын аргачилсан зааварт нэмэлт өөрчлөлт оруулах талаар харьяа прокурорын газруудаас санал авч нэгтгэсний гадна “Хорих байрны дотоод журам”, “Баривчлах шийдвэр биелүүлэх журам”–ыг батлуулсан байна.
Шүүх байгуулах тухай Монгол улсын хуулийн хэрэгжилтийн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/ 9 тоот тушааалаар аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын газрын бүтцийг шинэчлэн батлаж мөрдүүлж ажиллаа. Харьяа прокурорын газруудад Тамгын хэлтэс байгуулж, нийт прокурорын газруудын Тамгын хэлтсийн дарга нарын сургалт семинарыг 2014 оны 10 дугаар сард зохион байгуулж хийсэн байна. Мөн УЕПГ-ын газрын бүтцэд прокурорын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэг бүхий Дотоод хяналт шалгалтын хэлтэс байгуулж, үйл ажиллагаанд нь дагаж мөрдөх заавар журмыг боловсруулан гаргасан байна.
УЕПГ-ын дэргэдэх “Прокурорын Сургалт, судалгааны төв”-ийг энэ онд шинээр байгуулж ажилууллаа. Тус төв нь танхимын болон зайны сургалт зохион байгуулах боломжтой бөгөөд нэг ээлжинд 160 хүн хүлээн авах орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 16 анги, номын сан, уншлагын болон компьютерийн танхим, 40-60 хүнд үйлчлэх цайны газар, 28-30 хүн хүлээн авах дотуур байр, саун душ, биллъярд, теннис, алжаал тайлах өрөө бүхий цогцолбор байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2014 онд Прокурорын Сургалт судалгааны төв 26 удаагийн 496 цагийн сургалтанд 1520 прокурор, ажилтныг хамруулсан байна.
Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн системд системийн тохиргоог хийж, Эрүүгийн хэргийн бүртгэл, Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэл, Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүртгэл, Ял эдлүүлэх ажиллагааны модуль, Удирдлага зохион байгуулалтын модулийн хайлтын системийг нэмэгдүүлж, шаардлагатай тоон үзүүлэлтийг жагсаалтаар гарган харуулдаг хэсгүүдийг оруулсанаар олон төрлийн судалгаа хийх боломжтой болжээ.
2014 оны 4 дүгээр сард Улсын Ерөнхий Прокурорын санаачлагаар хуулийн төв байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын 7 хэсгийн улсын хэмжээнд томилон ажиллуулж орон нутгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг хийж, шүүхийн тухай багц хуулиудыг хэрэгжүүлэхэд гарч байгаа асуудлууд, цаашид анхаарах асуудлуудын талаар санал хүсэлтийг нь сонсож, зайлшгүй авч хэрэгжүүлэх асуудлын талаар зөвлөмж гаргаж, УИХ, Засгийн газар, холбогдох яамдуудад хүргүүллээ.
УЕПГ-ын ХМОНХАлба прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгоход анхаарч, эрүүгийн хэргийн шийдвэрлэлт болон бусад ажлын талаар УЕПГ-ын вэб сайтад 301 мэдээ мэдээлэл байршуулж, телевизэд 212, өдөр тутмын сонинд 60, бусад мэдээллийн хэрэгслүүдэд 92 мэдээ нийтлүүлсний гадна давхардсан тоогоор хэвлэлийн мэдээллийн 243 байгууллага, ажилтанг оролцуулан хэвлэлийн хурал 13 удаа зохион байгуулж хийжээ.
Тус алба сүүлийн 4 жилд хэвлэлээр гарсан мэдээ мэдээлийг нэгтгэн анх удаа “Прокурорын байгууллага – хэвлэлийн хуудснаа” гэсэн эмхтгэл боловсруулан гаргасны гадна “Ахмад залуу прокуроруудын уулзалт” , “Прокурорын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн”, “Прокуроруудын явган аялал, спортын тэмцээн” зэрэг асуудлаар нийт 14 удаа видео мэдээ бэлтгэж , УЕПГ-ын вэб сайтад байршуулсан нь ажлын зөв эхлэл болсон байна.
УЕПГ-ын дэргэдэх Эрүүгийн хэргийн төв архивт 1961-2013 оны 78094 хадгаламжийн нэгж хадгалагдаж байгаа нь өмнөх оныхтой харьцуулахад 7.2 хувиар өссөн нь тус архивын ажилтнууд ажлын зохих ачаалалтай ажиллаж байгааг харуулж байна.
2014 онд Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл, Увс аймаг, Хөтөл, Мандал сум, Налайх, Багануур дүүргийн прокурорын газрууд 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 27 айлын албаны орон сууцтай болсон нь прокурор ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн томоохон ажил болсон байна.
Прокурор ажилтнуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх спортоор хичээллэх, бялдаржуулах хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор улсын хэмжээнд анх удаа “Прокурорын байгууллагын ажилтнуудын спортын анхдугаар их наадмыг хоёр үе шаттайгаар зохион байгуулан явуулж, аваргуудаа шалгаруулсны гадна улсын хэмжээнд “Цэвэр агаар – Саруул ухаан” сэдэвт явган аялалыг нэгдсэн чиглэл удирдамжийн дагуу явуулсан байна.
Улиран одож байгаа 2014 онд прокурорын байгууллагын гадаад харилцаа шинэ өндөр түвшин гаргах талаар анхаарч ажилласнаар 83 прокурор АНУ, Франц, Унгар, БНТурк Улс, Тайвань, БНСУлс, Канад улсад олон улсын хурал, сургалтанд хамрагдаж, Улсын Ерөнхий прокурор болон түүний орлогч нар ОХУ, БНУзбекстан Улс, БНВьетнам Улс, Австрали, Куба зэрэг улс орнуудад ажлын айлчлал хийж, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх болон хамтран ажиллах талаар санамж бичиг хэлэлцээр байгуулж ажиллаа.
Прокурорын байгууллагын удирдах ажилтныг нэгдсэн зөвлөгөөнийг 2014 оны 11 дүгээр сард аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын орлогч болон сум дундын прокурорын газруудын ахлах прокуроруудыг оролцуулан өргөтгөсөн байдлаар хийж, прокурорын үндсэн хяналтын ажлын чанар үр нөлөө болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлын мэдээллийг нь сонсч ажилд нь үнэлэлт дүгнэлт өгч, нийт удирдах ажилтнуудыг 7 хоногийн сургалтанд хамруулсан нь боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдсэн ажил боллоо.
2014 онд Монгол Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар 36 прокурорт прокурорын зэрэг дэвийг, 135 прокурор, ажилтанд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг шинээр болон өөрчлөн олгож, олон жил үр бүтээлтэй ажилласан 19 прокурор, ажилтан, өндөр настанг төрийн дээд одон медиалиудаар, 24 прокурорыг “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, 18 прокурор, ажилтанг “Прокурорын тэргүүний ажилтан”-аар, 28 прокурор, ажилтанг “Прокурорын хүндэт тэмдэг”-ээр, 6 прокурор, ажилтанг “Жуух бичиг”-ээр, 4 прокурор, ажилтанг “Өргөмжлөл”-өөр тус тус шагнасан нь прокурорын байгууллагын хамт олон улиран одож байгаа 2014 онд ажлын амжилт, бүтээл арвинтай байсныг харуулж байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХМОНХАлба