Шинэ оны эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ууланд алхагчдын “Оргил өөд” клубын 60 гаруй алхагчидтай хамт Богдхан уулын ноён оргил Цэцээ гүн рүү алхжээ. Тэрбээр их ажлын хажуугаар чөлөөт заваараа ууланд алхахыг эрмэлздэг нэгэн бөгөөд шинэ оны эхэнд 8000 гаруй дэмжигч 150 гаруй гишүүдтэй “Оргил өөд” клубын алхагчидтай хамтран байгаль дэлхийгээс энерги эрч хүчээ авч, оны анхны нараа угтан авсан байна. Энэ үеэр Ч.Сайханбилэг сайд “Оргил өөд” клубын хүндэт гишүүн болжээ. Дашрамд дурдахад тус клубын өнгөрсөн жилийн алхалтанд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэгдэж, мөн хүндэт гишүүн болж байсан удаатай аж.
Мөн энэ үеэр ууланд байнгын алхдаг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, жүжигчин Б.Амарсайхан нартай шинэ оны эхний өдөр Цэцээ гүний оргилд таарч “Оргил өөд”-ийн гишүүд зурагаа татуулж амжжээ.
Ууланд алхагчдын “Оргил өөд” клуб байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж буй бөгөөд 7 хоног бүрийн ням гаригт ууланд алхагчдыг нэгтгэн тогтмолжуулснаар өдгөө гишүүд, дэмжигчдийн тоо улам бүр өсөж байгаа аж.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт амралтын өдрөөр байнга ууланд алхдаг спортлог нэгэн
Холливудад улсынхаа нэр хүндийг гаргаж яваа залуу жүжигчин МУСТА М.Амарсайхан чөлөөт цагаараа ууланд байнга алхдаг аж.
Г.Туяа