Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны талаар өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн бөгөөд хамгийн чухал нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэсэн байна. Уг эдийн засгийн ил тод байдлыг хангах хууль нь дэлхийн олон оронд хэрэглэгддэг бөгөөд далд эдийн засгийг ил болгох, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор хэрэглэгддэг юм. Манай улсад өнгөрсөн 2007 онд энэ хуулийг хэрэглэж байсан хэдий ч явцуу хүрээний утгатай байсан юм.
Уг хууль хэрэгжиж эхэлснээр нэн тэргүүнд далд байсан хөрөнгө ил болно хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа аж. Ингэснээр татвар төлөлт нэмэгдэж улмаар татварын бааз суурь нэмэгдэх аж. Мөн хуурамчаар үйлдэж байсан татварын болон санхүүгийн тайлангуудыг ил болгох ажээ.
Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуультай холбогдох бас нэг хууль нь Татварын өршөөлийн тухай хууль юм. Татварын өршөөлийн тухай хуулийг ирэх долоо хоногт Засгийн газраар хэлэлцэж улмаар УИХ-д өргөн барина гэдгийг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр хэллээ.
Уг хууль нь өмнө нь нууж байсан татварыг ил гаргаж, татвараа төлөх боломжийг бүрдүүлэх аж. Ингэхдээ тухайн татвараа нуун дарагдуулж байсан иргэд болон аж ахуйн нэгжүүдэд ямар нэг ял зэмлэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй юм. Ийнхүү Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Татварын өршөөлийн тухай хууль хамтран хэрэгжиж эхэлснээр манай улсад эдийн засгийн нээлттэй ил тод байдал бий болж улмаар татварын бааз суурь нэмэгдэнэ хэмээн Засгийн газраас тооцжээ.
Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрөөс дараах тодруулгыг авлаа.
-Одоо дансаа хаалгасан, өртэй байгаа аж ахуйн нэгжүүдийг ил болгохоор тэдэнд ямар нэг хууийн хариуцлага хүлээлгэх үү?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Татварын өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхлэхээр нуугдмал байсан хөрөнгө, нуугдмал байсан татварууд ил болоод гараад ирнэ. Өмнөх хуулийн төсөлд үүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болгоод гаргаад ирэхээр тодорхой хэмжээгээр торгох, хариуцлага хүлээлгэх гэсэн заалт өмнөх хуулийн төсөлд явж байсан. Харин одоо яригдаж байгаа хуулийн төслөөс энэ заалтыг хассан байгаа.
-Хөрөнгө орлогын мэдүүлгээ нууж байсан өндөр албан тушаалтнууд энэ хуульд хамрах уу?
-Эдгээр хуулиуд бүх хүмүүст тэгш үйлчлэх зарчимтай. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, УИХ-ын гишүүд, агентлагийн дарга нар энэ хуульд хамаарагдахгүй гэсэн байсан хуулийн заалтыг нь хамаарагдана гэж өөрчилсөн байгаа. Тэгэхээр хөрөнгө орлогоо нууж байсан, татвараа төлөөгүй байсан бүх хүмүүст тэгш боломж олгоно.
-Татварын өртэй компаниудыг хамруулах уу?
-Хамруулна.
-Энэ хууль хэрэгжиж эхлэхээр эдийн засагт хэдий хэмжээний үр өгөөж гарна гэж харж байгаа вэ?
-Өмнө нь энэ хууль хэрэгжиж эхлээд бас тодорхой хэмжээний үр дүн гарсан гэж үзэж байгаа. Манай улсад далд эдийн засаг байгаа гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Эдийн засгаа ил тодоор явуулдаг болсон. Одоо ч гэсэн яг тоогоор хэлэх боломжгүй эдийн засагт тодорхой хэмжээний үр өгөөжөө өгнө гэж харж байна.