Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн хэлтэс албадын дарга нартай уулзалт зохион байгуулсан бөгөөд дахин СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн онд хийсэн ажил болон цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцлоо. Энэ үеэр дүүргийн удирдлага, төлөөлөгчид иргэдийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг хэлж байв. Тухайлбал, толгойтын зам дагуу мод зүлэг тарьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хууль зөрчдөг дэн буудлуудыг хаах, ил задгай оршуулгыг цэгцлэх, гар дээрээс худалдаа эрхлэгчдийг зохицуулах, хог тээвэрлэгч байгууллагуудын ажилд хяналт тавих, хороодын бүтцийг сайжруулах гэх зэрэг саналуудыг хэллээ.
Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Хороодын бүтцийг шинэчлэх санал байнга ирдэг. Засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд хороодыг бэхжүүлэх, эрх мэдлийг дээшлүүлэх замаар иргэдэд тулгарч байгаа асуудлыг газар дээр нь олон нийтийн оролцоотой шийдвэрлэдэг болгох талаар бид ихээхэн анхаарал хандуулж байна. Хороодыг санхүүгийн эрх мэдэлтэй болгох боломж бололцоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх асуудлаар нийслэлийн шилдгээр шалгарсан 10 хорооны Засаг дарга нарын саналд үндэслэн манай албанаас тодорхой саналын төсөл боловсруулсан” гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах” хөтөлбөр батлагдсан бөгөөд гэр хороололд хувь хүн, компани гэрэлтүүлэг хийсэн бол зардлыг нийслэл хариуцаж, иргэн, компани цаашдын ашиглалт, засвар үйлчилгээг нь хариуцан оператор компаниар ажиллах боломжтой болж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
Мөн хог тээвэрлэгч байгууллагууд Улаанчулуутын хогийн цэг рүү явах замд хог асгаж байгааг зогсоох, хог тээвэрлэгч байгууллагуудад тавих шаардлагын төслийг боловсруулж байгаа аж. Хогийн цэгүүдэд гэмт хэрэг их гарч байна гэсэн гомдол багагүй гарч байгаа учраас хяналтын камерууд тавьж эхэлжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Оршуулгын тухай журам” гаргаж ил задгай оршуулга хийхийг хориглосон юм. Иргэдийн шашин шүтлэгийн асуудал давхар хөндөгддөг болохоор сүм хийдийн удирдлагууд, шашины байгууллагын дарга нартай уулзаж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Цаашид оршуулгыг ил задгай тавих асуудал дээр анхаарал хандуулж ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Түлхүүр үгулс төр
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …