Хошин урлагийн “Шинэ үе” продакшиний жүжигчид Д.Оюунтуул. Ц.Алдармаа нар бие биер үүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан билээ. Тэгвэл энэ хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхэд хэлэлцэх гэж байна.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Д.Оюунтуулын гэмтлийн зэргийг дахин тогтоох хэрэгтэй гэж үзсэн. Хэргийн нэмэлт мөрдөн байцаалт хийгдэж, шүүх эмнэлэгийн дүгнэлт гарч Д.Оюунтуулыг хүнд биш хүндэвтэр гэмтээсэн гэжээ. Тэгэхээр Ц.Алдармааг яллах эрүүгийн хэргийн зүйл анги өөрчлөгдөж, ял нь хөнгөрөх юм.
Өөрөөр хэлбэл Ц.Алдармааг өнөөдрийн байдлаар 96.2.6 гэх зүйл ангиар яллаж байгаа бөгөөд Д.Оюунтуулын гэмтлийн зэрэг нь өөрчлөгдсөн болохоор 98.1-ээр зүйлчлэгдэж ял нь 3 хүртэл жил болох юм. Ц.Алдармаагийн зүйчлэгдэж байгаа Эрүүгийн хуулийн 98.1.-д Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Ингэснээр Ц.Алдармаа Эрүүгийн хуулийн 61.1-ээр тэнсэн авах боломжтой болно.
Эрүүгийн хуулийн 61.1-д “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно. Тэнсэгдсэн ялтан шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, засарч хүмүүжсэнээ харуулсан бол шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй.” гэж заасан байдаг ажээ.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn