Сар шинээс өмнө хоёр шинэ нам нэгэн зэрэг төрж, Монгол улс нийт 24 намтай болох нь. Нэгдүгээрт С.Ганбаатарын тэргүүлэх “Монгол хүний төлөө нам” байх бол нөгөөх нь Х.Бат-Ялалт, О.Бум-Ялагч нарын тэргүүтэй нам байх юм.
Х.Бат-Ялалтын хувьд нам байгуулан 2016 оны сонгуульд өрсөлдөж, парламентад сөрөг хүчин болно гэсэн зорилготой байгаа гэнэ. Харин С.Ганбаатарын хувьд УИХ-ын сонгуулиас илүү 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж, үр дүнгээ мэдрэх нь чухал байгаа юм. Тиймээс л нам байгуулж ажиллахаар зэхэж буй нь энэ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тэргүүлэх намд хүмүүсийн сайн мэдэх алдарт жагсагчид болох Ж.Батзандан, Г.Уянга, О.Магнай, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн гэсэн нөхөд нэгдэж байгаа нь аль хэдийн тодорхой болоод буй. Тэд нэг намд орж төрийн шийдвэрийг Монгол хүний сайн сайхны төлөө гаргуулахын тулд эрх баригчдын эсрэг сөрөг хүчин болж ажиллана гэж байгаа юм. Тус намын бааз суурь нь бие даагчид байх ч өөр, өөрсдийн намдаа гологдож, шилэгдэж явсан Ж.Батзандан, Г.Уянга, О.Магнай мэтийн нөхдүүдээр хүч нэмж дээрээс иргэний нийгмийнхнийг татаж магадгүй юм. Мөн МАХН-аас ч хүн оруулах сурагтай байна.
С.Ганбаатар бол эрх баригдчыг жинхэнэ “айлгаж” байгаа улс төрч. Тэр сүүлийн гурван жил хийсэн улс төрийн бүх судалгаанд шилдэг улс төрчдийн эхний 5-т жагсаж ирсэн. Тэгэхээр тэр 2017 оны сонгуульд гарч ирэх магадлал өндөр байна.
Харин Х.Бат-Ялалтын намын нэр болоод үзэл баримтлал нь одоогоор тодорхой болоогүй байна. Нэг тодорхой зүйл нь түүний нам 1000 хол гарсан гишүүнтэй байх гэнэ.
Х.Бат-Ялалт нь 2011 онд ИЗНН-д намд элссэн. Тус намын дэд даргын албан тушаалтай. Үүнийхээ хажуугаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Монголын хуулийн үйл ажиллагааг идэвхтэй шүүмжлэгдчийн нэг. Үүнийхээ дагуу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг шүүхийн шинэчлэл, хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар “Халз мэтгэлзээн”-д дуудаж байсан түүхтэй. Сонирхолтой нь тэрбээр С.Ганбаатараас өмнө “Монгол хүний төлөө” нэртэй байгуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд өгч байсан ч бүртгэхээс татгалзаж байсан юм.
Харин түүний хамтран зүтгэгч О.Бум-Ялалт нь Монголын Ногоон намын даргын албан тушаалтай. Тэрбээр Байгаль, орчны талаар болон улс төрийн асуудлаар заримдаа үзэл бодлоо илэрхийлдэг нэгэн юм.
Ямартай ч парламент дахь сөрөг хүчний орон зайг нөхөх нэрээр улс төрийн үйл ажиллагаа идэхжиж, сонгуулийн сурталчилгаанууд эхэллээ.
Эх сурвалж: www.24tsag.mn